Спорт

Оросын нэртэй теннисчин Мария Шарапова их спортоо орхих шийдвэр гаргажээ. Тэрээр энэ тухайгаа Vanity Fair сэтгүүл дээрх өөрийн буланд бичиж, дараагаар нь инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 32 настай тамирчин бүсгүй “Теннис- баяртай” гэж бичжээ. 

Мария Шарапова эмэгтэй теннисны спортын ганцаарчилсан төрөлд 36 удаа аваргалсан, мөн хос төрөлд 3 удаа тэргүүлсэн байна. Түүнчлэн тэрээр Их Дуулгын цуврал тэмцээнд 5 удаа тэргүүлж, Францын нээлттэй тэмцээний аваргаар хоёр удаа шалгарч, Австралийн нээлттэй тэмцээнд нэг удаа тэргүүлж байжээ. Мария мөн Уимблдоны нэр хүндтэй тэмцээн, Америкийн нээлттэй тэмцээнд ч тэргүүлж, теннисны спортын нэр хүндтэй тэмцээнүүдэд амжилттай оролцон, тэргүүлж байсан юм. 2012 онд Лондонгийн Олимпийн наадамд Мария Шарапова улсынхаа тугчаар оролцон, энэ наадмаас Олимпийн мөнгөн медаль хүртэж байжээ. Шарапова их спортоо орхиж байгаа тухайгаа мэдэгдэхдээ олон тооны гэмтэл бэртлээс залхаж ийм шийдвэр гаргасан гэжээ. Тэрээр цаашдаа өөрийн сонирхсон зүйлээ хийж, бүжиглэж сурах бодолтой байгаа гэнэ. 2013 онд Мария Шарапова Sugarpova нэрийн чихрийн бизнес эрхлэх болсон байна. Мария Шарапова нь Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад Оросын эмэгтэйчүүдээс 25-т бичсэн байна. Түүний хөрөнгийг 180 сая доллар гэж үнэлдэг байна.