Австри улс цар тахлын халдварын дэгдэлттэй холбоотойгоор улсынхаа иргэдийг коронавирусний эсрэг вакциндаа идэвхтэй хамрагдахад уриалж байна. Австрийн Үндэсний зөвлөл олонхийн саналаар улсынхаа иргэдийг ковидын эсрэг вакцинд зайлшгүй хамрагдах шаардлага бүхий хууль дэмжин баталлаа.
Ковидын вакцинд зайлшгүй хамрагдах хууль 2024 оны 1-р сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх гэнэ. Ингэснээр Австри улс ЕХ-ны орнуудаас коронавирусний эсрэг вакциныг зайлшгүй хийлгэх журмыг хуульчилсан анхны улс орон болжээ.
Ирэх 3-р сараас эхлэн Австрийн иргэд цар тахлын эсрэг вакцин хийлгээгүй бол багадаа 600 еврогийн мөнгөн торгууль төлөхөөр боллоо. Австрийн эрх баригчид түүнчлэн вакцинд цаг тухайд нь идэвхтэй хамрагдаж байгаа иргэдийнхээ дунд урамшууллын хөтөлбөр ч зарлаж байгаа юм. Вакциндаа хамрагдсан иргэдийн дунд сугалаа гаргаж, сугалаанд оролцож байгаа 10 хүн тутмын нэг нь 500 еврогийн мөнгө хожих боломжтой гэнэ.