Дэлхийн улс орнуудад COVID-19 коронавирусний омикрон хувилбарын дэгдэлт өндөр хэвээр байна. Улс орнуудад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор улс орнууд хөл хорио, хязгаарлалтын журмаа үргэлжлүүлэн мөрдсөөр байгаа юм.
Европын улс орнуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд цар тахлын халдвартай холбоотой хязгаарлалтын дүрэм журмыг эсэргүүцсэн 20-иод жагсаал цуглаан болжээ. Австрийн нийслэл Вена хотноо л гэхэд 10 мянга гаруй хүн оролцсон жагсаал болж, энэ улсад 2-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх 18-аас дээш насны иргэд зайлшгүй вакцинд хамрагдах журмыг эсэргүүцжээ. Австрид сүүлийн өдрүүдэд цар тахлын омикрон хувилбарын дэгдэлт маш өндөр байгаа юм. Хүн амаа цар тахлын эсрэг вакцинд идэвхтэй хамруулахын хирээр ковидын журмаа цаашид сулруулахаар төлөвлөж байна. 2-р сарын 5-наас эхлэн ресторан, зоогийн газрууд үдшийн 10 цаг хүртэл ажиллаж, хөл хорионы цаг 12-оос хойш хүчинтэй байх нь ээ. Түүнчлэн 50 хүртлэх хүн оролцсон арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрөх юм.
Манай хойд хөрш ОХУ-ын 82 муж тойрогт омикрон вирус дэгдээд байна. Оросод хоногт цар тахлын 113 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэхдээ вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн дунд омикрон вирусний халдвар нэмэгдсэн байна. Оросод цар тахлын дэгдэлт ийнхүү өсч байгаагаас зарим муж тойрогт хязгаарлалтын арга хэмжээ авч байна. Түүнчлэн үүнтэй зэрэгцээд Оросод 12-17 насны өсвөр насныхныг вакцинд хамруулж эхэлжээ.