Францын эрх баригчид улс оронд нь цар тахлын нөхцөл байдал хяналтанд орж, халдварын дэгдэлт буурч байгаатай холбоотойгоор “вакцины үнэмлэхний журам” болон амны хаалт зүүх журмаа халахаар шийдвэрлэжээ.
Францын Засгийн газар цар тахалтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээгээ 3-р сарын 14-ний өдрөөс эхлэн цуцлахаар тогтсон байна.
Франц улс иргэдээ цар тахлын эсрэг вакцинд идэвхтэй хамруулж, сүргийн дархлаа тогтох нөхцөл бүрдсэн гэж үзэн энэ сарын 14-ний өдрөөс эхлэн коронавирусний дүрэм журмаа сулруулж, хүчингүй болгохоор тогтжээ. Парис хотод олон нийтийн газраар үйлчлүүлэхэд зайлшгүй “вакцины үнэмлэх” шаардаж байсныг мөн цуцлахаар болж, амны хаалт зайлшгүй зүүх журмыг мөн халж байна. Энэ талаар Францын ерөнхий сайд Жан Кастекс мэдээлжээ. Францад лхагва гарагийн байдлаар цар тахлын 53 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн хоёр долоо хоногт энэ улсад өвчлөл хоёр дахин буурч, 10 мянган хүн тутамд халдварын 59 тохиолдол бүртгэгдэж байгаа юм.