Хятадын оюутан алсаас үнсэлцдэг робот уруул зохион бүтээжээ

Технологи-360

Хятадад COVID-19 цар тахлын үед тусгаарлагдсан хосын тухайн үеийн нөхцөл байдлаас хэсэг оюутан санаа авч, алс хол байгаа ч хүмүүст үнсэх боломж олгодог силикон робот зохион бүтээжээ.

Англи хэлээр "Лонг Лост Тач" нэртэй уг төхөөрөмжийг Бээжинд төвтэй “Сивайфүшэ” компани бүтээсэн, хөдөлгөөн мэдрэгчээр дамжуулан хэрэглэгчдийн үнсэлтийн мэдээллийг бичиж, хол зайд холбогдсон төхөөрөмж рүү илгээдэг байна. Хэрэглэгч үнсэх үед машин бага зэрэг дулаан ялгаруулж, илүү жинхэнэ мэдрэгч мэт болгодог гэнэ. Шинэ бүтээлийн эзэн Жао Жианбо санаагаа анх COVID-19 цар тахлын үеэр хатуу, урт хорионоос болж найз охинтойгоо байнга уулзаж чаддаггүй байсан нөхцлөөс бодож олсон гэжээ. Бээжингийн кино академийн оюутан тэрээр дараа нь төгсөлтийн төслөө видео дуудлагад бие махбодийн дотно харилцаагүй байх асуудлыг шийдвэрлэхэд чиглэн, улмаар компани байгуулсан байна.

Тэд энэ оны нэгдүгээр сарын 22-нд анхны бүтээгдэхүүнээ 260 юань буюу ойролцоогоор 38 ам. долларын үнэтэйгээр худалдаанд гаргажээ. Гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа тус компани 3000 гаруй үнсэлтийн машин зарж, 20,000 орчим захиалга авсан гэж Жао Ройтерс агентлагт ярьжээ. Уг төхөөрөмжийг ашиглахын тулд хэрэглэгчид аппликейшн татаж аван, хоёр талдаа төхөөрөмжийг үнсэх юм байна. Уруул хэлбэртэй хэрэгслийг видео дуудлага хийхдээ ашиглах ухаалаг утасныхаа цэнэглэгч рүү залгах ёстой.

Харин орон нутгийн оршин суугч Хуан Ройтерс агентлагт ярихдаа "Ийм зүйл худалдаж авах нь гажуудал гэж би бодож байна. Энэ нь удаан хугацааны асуудлыг шийдэж чадахгүй. Өдөр тутмын видео дуудлага нь илүү тустай байж болох юм" гэжээ. Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгэл Weibo дээр бичсэн сэтгэгдлүүд нь уг төхөөрөмж болон түүний аппликейшн нь Хятадад хатуу хяналтанд байдаг эротик контентыг онлайнаар тарааж магадгүй гэсэн болгоомжлолыг илэрхийлжээ. Компанийг үүсгэн байгуулагч дүрэм журмыг бататгана гэж амласан ч хүмүүс уг төхөөрөмжийг хэрхэн ашиглах тал дээр одоохондоо  хийж чадах зүйл бага байгаагаа хүлээн зөвшөөрчээ.

Алсын зайнаас үнсэлцэх санаа нь шинэ зүйл биш юм. Токиогийн Цахилгаан Холбооны Их Сургуулийн судлаачид 2011 онд "үнсэлт дамжуулах машин" зохион бүтээсэн бол Малайз дахь Имижниэринг институт мөн 2016 онд "Kissinger" нэртэй ижил төстэй төхөөрөмжийг танилцуулж байсан юм.