Египетийн стартап Газар дундын тэнгист урсан орсон тонн хог хаягдал, барилгын салбараас ялгарах хий гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэхийн тулд 5 тэрбум гаруй гялгар уутыг цементээс илүү хатуу хавтан болгохоор зорьж байна. "Одоогоор бид 5 сая гаруй гялгар уутыг дахин боловсруулсан.
Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. 2025 он гэхэд 5 тэрбум гаруй гялгар уутыг дахин боловсруулж дуусгах зорилт тавьсан" гэж ТайлГрийн-ийн үүсгэн байгуулагч Халед Раафат Ройтерс агентлагт ярьжээ. Каир хотын захад байрлах тус компанийн үйлдвэрт ажилчид хаягдал ачсан том торхуудыг зөөж хайлуулж шахах холимог хуванцар үйлдвэрлэхээр бэлтгэж байна. Үүссэн хавтангуудыг гаднах хучилтын ажилд ашиглахын тулд үл хөдлөх хөрөнгийн салбарынхан болон гэрээлэгч компаниудад борлуулж эхэлжээ. Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг ашгийн бус байгууллагын 2020 оны тайланд дурдсанаар, Египет нь Газар дундын тэнгисийн бүс нутгийн хамгийн их бохирдуулагчдын нэг, жилд 74,000 тонн хуванцар хог хаягдал далайд урсан ордог гэж дурджээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард НҮБ-ын COP27 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Хойд Африкийн тус улс сүүлийн жилүүдэд хэд хэдэн мужид нэг удаагийн хуванцар ашиглахыг хориглосон. Байгаль орчны сайд Ясмин Фуад COP27 дээр, засгийн газар супермаркетуудтай хамтран 2024 он гэхэд хувцанцарыг үндэсний хэмжээнд хориглох зорилт тавьж байгаагаа дурдсан байна.