Японы хагас дамжуулагч үйлдвэрлэгч Рапидус тус улсын хойд хэсэгт орших Хоккайдо мужид дэвшилтэт компьютерийн чипүүдийг олноор нь үйлдвэрлэх шинэ үйлдвэр байгуулна гэж мэдэгдлээ.
Рапидусын ерөнхийлөгч Койке Ацуёши Хоккайдо мужийн амбан захирагчтай уулзах үеэрээ энэ шийдвэрээ зарлажээ.
Койке
"Япон улс дэлхийд хувь нэмрээ оруулдагийн хувьд бид хагас дамжуулагч үйлдвэрлэх нь зүйн хэрэг юм. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой газар бол Хоккайдо гэж шийдсэн"
гэжээ. Хоккайдо мужийн амбан захирагч Сүзүки Наомичи "Хөрөнгө оруулалт, ажлын байрын тухайд үйлдвэрийн бүтээн байгуулалт нь багагүй байх төлөвтэй.
Энэ нь Хоккайдогийн хувьд өнөөг хүртэл хэрэгжиж байгаа хамгийн том төслүүдийн нэг байх тул бид тууштай урагшлахыг хүсч байна" гэжээ. Шинэ үйлдвэрийг Читосе хотын аж үйлдвэрийн паркад, автомашины үйлдвэр болон томоохон нисэх онгоцны буудлын ойролцоо барих юм байна. Рапидусын хэлж байгаагаар, уг байгууламж нь яваандаа 100 орчим га талбайд өргөжинө. 2027 он гэхэд 2 нанометрийн чипийг олноор үйлдвэрлэхээр зорьж байгаа юм. Японы Toyota Motor, Sony групп, харилцаа холбооны аварга NTT зэрэг найман компани Рапидусыг байгуулахаар нэгдэж байгаагаа өнгөрөгч 11 дүгээр сард зарласан. Нимгэн хэлхээ бүхий хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагчийг автомат жолоодлого, хиймэл оюун ухаан зэрэг дараагийн үеийн технологид зайлшгүй шаардлагатай гэж үздэг юм.