Улс төр

Туркийн арми Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа эхлүүлсний дараагаар АНУ-ын тал энэ ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлэн Сирийн хойд хэсгээс цэрэг дайчдаа гаргахаа мэдэгдэж байсан. Сүүлд Америкийн албаны хүмүүс Туркийн эрх баригчидтай яриа хэлэлцээр хийж, Сирийн хойд нутгаас курдын зэвсэгт дайчдыг гарган, тэднийг Туркийн хил дагуух аюулгүйн бүсээс нүүлгэн шилжүүлэх тохиролцоонд хүрч, энэ ажиллагааг хяналтандаа авна гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл Америкийн цэргийнхэн Сирийн Эль Камышлы мужийг орхин гарч эхэлжээ. 

Даваа гарагт Сирийн Эль Камышлы-гаас Иракийн Дахук мужийг чиглэн хэдэн зуун хуягт техник хил давсан байна. Америкийн цэргийнхэний цувааг ийнхүү Сирийг орхин гарах үед нутгийн иргэд цэргийн цуваа руу мод чулуу нүүлгэж байжээ. Пентагоны тэргүүн Марк Эспер өмнө нь хийсэн мэдэгдэлдээ АНУ, Сирийн хойд хэсэгт байрлаж байгаа цэргийн хүчнээ хөрш зэргэлдээх Ирак руу нүүлгэхээр шийдвэрлэсэн талаар мэдээлсэн юм. Энэ ажиллагааг Туркийн армийн Сирийн хойд нутагт курдын зэвсэгт дайчдын эсрэг явуулж байгаа цэргийн ажиллагаатай холбоотойгоор явуулж байгаа юм. Сирийн хойд хэсэгт төвлөрч байсан курдын зэвсэгт бүлэглэлийг Вашингтон Сири дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцлийн гол хамсаатнаа гэж үздэг байна. Тэгвэл Анкара эсрэгээр Сири дэх курдын бүлэглэлийг Курдын ажилчны нам террорист байгууллагын хэсэг гэж тооцон, тэдний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, газар нутгийг нь чөлөөлөн Сирийн дүрвэгсдэд зориулан хил дагуу “аюулгүй бүс” байгуулах зорилго тавиад байгаа юм. Стамбул хотноо мэдэгдэл хийх үеэрээ Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ, НАТО-ийн гишүүн орнууд болоод ЕХ-г курдын алан хядагчдыг дэмжиж байгаад буруутгаж байжээ.