Нийслэл хотоос УИХ-д сонгогдсон 23 гишүүн нэгдэн хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түр хороог байгуулах тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлд тулгамдсан олон асуудал нэг парламент, нэг засгийн газрын үед шийдэгдэх хэмжээний биш гэдгийг гишүүд онцолсон юм. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан хэрэгжүүлсэн ажлуудыг тууштай үргэлжлүүлвэл 10 жилийн дотор асуудал шийдэгдэнэ гэдгийг хэллээ.
Нийслэлийн иргэдэд тулгамдсан асуудлуудаас нэн тэргүүнд шийдэх нь түгжрэл гэдгийг хотын дарга зарласан. Учир нь хөдөлгөөний оргил ачаалалд нийслэлийн иргэд нэг км замыг 10 минутад туулж өдөрт 2-оос илүү цагийг авто зам дээр өнгөрөөж байгаа судалгаа гарсан. Тэгвэл түгжрэлийг бууруулахаас эхлээд нийслэлд тулгамдах асуудлуудыг шийдэхэд улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөг төсөвлөх томоохон шийдвэрийг засгийн газар гаргаад байгаа. Харин УИХ-аас хотын хөгжлийг дэмжих түр хороо байгуулахаар хэлэлцэж эхэллээ.
Олон жил яригдаж байгаа түгжрэлийг бууруулах асуудлыг шийдэхийн тулд багтаамж ихтэй нийтийн тээвэр, автозамын сүлжээг өргөтгөж их тойрууг шинэчлэх, дагуул хот дэд төв, Богдхан төмөр зам байгуулах гээд олон ажлыг төлөвлөсөн. Түгжрэл өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрэхэд газар олголт замбараагүй байснаас эхтэйг зарим гишүүд хэллээ. Тиймээс түр хороо мэргэжлийн түвшинд ажиллах хэрэгтэйг хэлсэн юм.
Хотын хөгжлийг дэмжиж ажиллах УИХ-аас байгуулсан түр хороо нь нэрний хувьд түгжрэлийг бууруулах, эсвэл хотын эрх зүйн байдлыг дээшлүүлэх зэргээр тодорхой байх хэрэгтэйг зарим гишүүд хэллээ. Улмаар түр хорооны ажиллах бүрэн эрхийн хугацаа, нэр, нэн тэргүүнд хийх ажил зэргийг тодорхой хэлэлцэх хэрэгтэй хэмээн байнгын хороонд шилжүүллээ.