Улс төр

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Исламын улс” алан хядах бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль Багдадигийн эхнэрийг Сири дахь Туркийн хяналтанд байгаа бүсээс баривчилсан талаар мэдээлжээ.”Исламын улс” бүлэглэлийн толгойлогчийг өнгөрсөн 10-р сарын сүүлээр Америкийн цэргийнхэн Сирийн Идлиб мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр устгасан юм.   

Туркийн ерөнхийлөгч Анкара хотноо хийсэн мэдэгдэлдээ Аль Багдадигийн эхнэрийг барьж саатуулан, түүнээс байцаалт мэдүүлэг авч эхлээд байгаа талаар мэдээлжээ. Түүнчлэн Туркийн тал энэнээс өмнө мөн зартай алан хядагчийн эгчийг баривчилсан талаар мэдээлээд байсан юм. Режеп Таийп Эрдоган Туркийн цэргийнхний явуулсан ажиллагааны талаар мэдэгдэх үеэрээ:- Бид “Исламын улс” алан хядах бүлэглэлийг ул үндсээр нь устгаж, бүтэц зохион байгуулалтынх нь талаар мэдээлэл авч, цаашид энэ бүлэглэлийг шахан зайлуулахын тулд толгойлогч агсан Аль Багдадитай ойр байсан хүмүүсийг нь баривчлан саатуулж, байцаалт мөрдлөгө явуулж байна. Гэхдээ бид Америкчууд шиг ажиллагаа явуулах тоолондоо цээжээ дэлдэн шуугиан тарьж байгаагүй. Бид хийх ёстой ажлаа дуугуй хийж гүйцэтгэж байгааг хэлэхийг хүсч байна гэжээ.

Туркийн цэргийнхэн энэ сарын 5-нд Абу Бакр аль Багдадигийн том эгчийг нь баривчилсан. Тэгвэл энэ удаад түүний эхнэрийг Сирийн нутгаас баривчилсан байна.