Credit: AFP

Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Талархлын баярын өмнө Афганистанд урьднаас төлөвлөөгүй айлчлал хийжээ. Трамп Афганистанд алба хааж байгаа Америкийн цэрэг дайчидтайгаа уулзаж, тэдэнд Талархлын баярын мэнд хүргэсэн байна.

АНУ-ын тэргүүний хувьд тэрээр Афганистанд анх удаагаа хүрэлцэн иржээ. Өмнө нь Цагаан ордны тэргүүн өнгөрсөн жилийн зул сарын баяраар Иракт мөн гэнэтийн айлчлал хийж, халуун цэгт алба хааж байгаа цэрэг офицеруудаа эргэн очиж байжээ. Дональд Трамп Афганистан дахь цэрэг дайчидтайгаа уулзахаас гадна Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай уулзсан байна. Уулзалтын дараагаар сэтгүүлчдэд хийлгэсэн мэдэгдэлдээ Америкийн тэргүүн “Талибан” бүлэглэл найрамдлын гэрээ байгуулахаар эрмэлзэж байгаа талаар мэдэгдсэн байна. Трамп Талибын удирдагчидтай Афганистаны эрх баригчдын оролцоотойгоор яриа хэлэлцээр явуулж, гал зогсоох талаар хэлэлцэж байгаа. Энэхүү хэлэлцээр үр дүнд хүрнэ гэдэгт итгэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 

АНУ-ын ерөнхийлөгчийн Афганистан улсад хийсэн айлчлалаас 7 хоногийн өмнө талибын зэвсэгт бүлэглэлийнхэн Кабулын эрх баригчидтай ялтан солилцох асуудлаар тохиролцоонд хүрчээ. Ажиглагчдын үзэж байгаагаар ийнхүү тохиролцоонд хүрснээр цаашлаад энхийн яриа хэлэлцээрийг сэргээх алхамд хүрнэ гэдэгт итгэж найдахыг хүсч байна.
Афганистан улсад айлчлах үеэрээ Дональд Трамп түүнчлэн АНУ цаашид энэ бүс нутаг дахь цэргийн хүчнээ хорогдуулах бодлого баримтлах болно гэдгээ мэдэгдсэн ч илүү тодорхой зүйл хэлээгүй байна. Өнөөдрийн байдлаар Афганистанд Америкийн 13 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн хүчин байрлаж байгаа юм. Анх Америкийн цэрэг дайчид Афганистанд одоогоос 18 жилийн өмнө, 2001 оны 9-р сарын 11-нд орж байжээ. Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Америкийн цэрэг армийнхан энэ улсад хамгийн удаан жил байрлаж байгаа юм.

Credit: AFP

Credit: Reuters

Credit: AFP

Credit: AFP