Улс төр

АНУ-ын ерөнхийлөгч улсынхаа конгресст хандан хийсэн илгээлтдээ улс орныхоо эдийн засгийн байр байдлын талаар тусгайлан хөндсөн байна. Трамп улс орны өнөөгийн эдийн засгийн үзүүлэлт, ажилгүйдэл, татварын бодлого, төсөв санхүүгийн асуудалд уламжлалт тайлан илтгэлийнхээ ихэнх хувийг хандуулж, Обамагийн засгийн газрын үетэй харьцуулахад улс орны эдийн засгийн чадавхи бүхэлдээ идэвхжиж, нийгмийн дунд давхаргынханы татварын хувь хэмжээ буурснаар чадалтай, чадвартай, найдвартай Америк орныг цогцлоох үндэс бүрдсэнийг тэмдэглэн хэлсэн байна. 

Трамп улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдоод 3 жилийн дотор, түүнийхээр асар богино хугацаанд улсынхаа эдийн засгийг хөл дээр нь босгож, Америкийн сүр хүчийг эргүүлэн авчирч чадсан гэжээ. Тэрээр өмнөх ерөнхийлөгчийн үед улс оронд нь ажилгүйдэл гэмт хэргийн хэмжээ ихэсч, улс орныг нь чиглэсэн цагаач дүрвэгсдийн урсгал хяналтгүй байсныг, мөн Америкчууд бизнесээ өөрийн улс оронд биш харин гадагшаа гаргах нөхцөл үйлчилж байсныг шүүмжилсэн байна. Тэгвэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд Трампын засгийн газар улс орноо дахин сэргээн босгож, дэлхийд АНУ-ыг хүндэтгэхэд хүргэж, урагшаа тэмүүлэн улс орноо хөгжүүлэхийн төлөө их зүйл хийснийг тэмдэглэжээ. Тэгвэл Америкийн сонгогчдын дийлэнх хувь нь төрийн тэргүүнийхээ энэ мэдэгдэл, байр суурьтай санал нэгдэж, үнэхээр Трампын засаглалын үед улсынх нь эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа гэж үзэж байна. Трамп улс орондоо өнгөрсөн хугацаанд 7 сая ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшинг хамгийн доод хэмжээнд аваачин, санхүү хөрөнгийн зах зээл дэх үзүүлэлтийг 70%-иар нэмэгдүүлсэн гэжээ.  Трампын мэдэгдлийн үеэр зааланд суугаа Бүгд найрамдах намынхан үе үе ерөнхийлөгчийн хэлсэн үгийг алга ташилтаар тасалдуулж байжээ.

Цагаан ордны тэргүүн түүнчлэн дэлхийн улс орнуудтай явуулж байгаа худалдааны тэнцвэргүй гэрээ хэлцлээс аль болох татгалзаж, улс орны эдийн засагт үр ашиг авчрах шинэ гэрээ хэлцлүүд байгуулах нь чухал гэдгийг дахин тэмдэглэн хэлсэн байна. Энэ үгийг Дональд Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдсоныхоо дараа мөн хэлж, онцолж байсан юм. Трамп Цагаан ордныг тэргүүлснийхээ дараа Номхон далайн улс орнуудын худалдааны хамтын ажиллагааны гэрээ, Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай хийсэн худалдааны гэрээ, Канад Мексиктэй хамтарсан Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн гэрээнээс гарах хурц шийдвэрүүдийг гарган ажиллаж байсан нь түүний улс орноо бодож, тэнцвэргүй, ашиггүй хамтын  гэрээ хэлцлээс татгалзах шалтгаан байсныг цохон хэлсэн байна.