Үйл явдал

Хятадын эрх баригчид коронавирусын халдвар анх дэгдсэн Хубэй мужийн Ухань хотыг бараг бүхэлд нь гадаад ертөнцөөс тусгаарлаж, хөл хорио тогтоон, хотын хүн амыг гадагшаа зорчихгүй байхыг хүсч, гадны аялагч жуулчдыг мөн энэ хот руу нэвтрэхгүй байхыг сануулж байна. Нийтдээ 11 сая хүн амтай Ухань хот нь Хятадын 7 дахь том хот, дэлхийн томоохон хотуудын жагсаалтын 42-т бичигддэг хот юм.

НҮБ-ын мэдээллээр Ухань хот нь 9 сая хүн амтай гэж байгаа ч Хятадын эрх баригчид Ухань хот ойролцоогоор 11 сая хүн амтай гэж мэдээлж байгаа юм. Ухань хот нь Хятадын төв хэсэгт байрладаг, эдийн засгийн хувьд хүчирхэг хотуудын нэгт тооцогддог байна. Тиймдээ ч Ухань хотоос дэлхийн томоохон хотууд руу шууд нислэгтэй байдаг, энэ хотоор дамжин гадагшаа зорчих иргэдийнхээ тоогоор Хятадад өндөрт тооцогддог юм. 2016 онд Уханийн олон улсын нисэх буудал 20 сая гаруй зорчигчдод үйлчилсэн, мөн сүүлийн жилүүдэд Уханиар дамжин явагсдын урсгал нэмэгджээ. Ухань хотоос Лондон, Парис, Дубай болон дэлхийн олон хот руу шууд нислэг үйлддэг байна. Ухань хот нь Янцзы голын эрэг дээр байрладаг, Хятадын эртний уламжлалт аж үйлдвэрлэл хөгжсөн, 700 мянган оюутан залуус суралцдаг 52 их дээд сургуультай, аж үйлдвэрлэлийн парк ихтэй томоохон хот юм. Уханийн орон нутгийн аж үйлдвэрлэлийн салбарт дэлхийн томоохон 500 компанийн 230-аад нь хөрөнгө оруулалт хийсэн байдаг, гадаад харилцаа, худалдаа өндөр хөгжсөн хот юм байна. Түүнчлэн энэ өдрүүдэд Хятадад уламжлалт Цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан шилжилт хөдөлгөөн их хийгдэж байгаа учраас коронавирусын дэгдэлтийг газар авхуулахгүй байх үүднээс Ухань хотод хөл хорио тогтоож, иргэдийг хотоо орхин явахыг нь хориглож, нийтийн тээврийн хэрэгслүүдийг түр хугацаагаар зогсоогоод байна.