Үйл явдал

Ирэх 11-р сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өчигдөр Доналд Трамп сонгуулийг хойшлуулах саналтай байгаагаа мэдэгдсэн байна. Ингэснээр тэрээр олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулгарлаа.

Нутгийн цагаар Пүрэв гарагийн өглөө Ерөнхийлөгч Трамп сонгуулийг хойшлуулах санаатай байгаагаа өөрийн твиттер хуудаснаа мэдэгдсэн байна. Харин энэ санааг Конгресс дахь Ардчилсан намынхан болон Бүгд найрамдах намынхан эрс эсэргүүцжээ.

Тодруулбал тэрээр “Шуудангийн хайрцгаар санал авах аргыг хэрэглэвэл 2020 оны сонгууль нь түүхэнд байгаагүй бохир, луйвартай сонгууль болно. Ард иргэдийг аюулгүй, найдвартай саналаа өгөх боломжтой болтол сонгуулийг хойшлуулбал ямар вэ” гэж жиргэсэн байна.

АНУ-д цар тахлын дэгдэлтээс үүдэн зарим бүсэд шуудангийн хайрцаг ашиглан сонгууль явуулах гэж байгаа. Гэхдээ энэ аргыг Доналд Трамп эрс эсэргүүцэж байгаа юм. Үүнээс гадна АНУ 200 гаруй жилийн түүхэндээ ямар ч нөхцөл байдалд сонгуулиа хойшлуулж байгаагүй.

Сонгуулийн хугацааг АНУ-ын конгрессоос шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн 20-р нэмэлтэд сонгуулийн дараах 1-р сарын 20-ноор өмнөх ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа дуусахаар заасан байдаг. Өчигдөр АНУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ байгаагүй уналтад орсон тухай мэдэгдсэн байна.

Энэ оны арван нэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд Дональд Трамптай өрсөлдөх Жо Байдены сонгуулийн штаб ерөнхийлөгчийг эдийн засгийн муу үзүүлэлтээс олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд ийм мэдэгдэл хийлээ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн маш олон эрх мэдэлтнүүд Доналд Трампын саналыг эсэргүүцэж байгаа тухай мэдэгдэл хэвлэлүүдийг шуугиулж байна.