Үйл явдал

Сүүлийн үед Армени Азербайжаны Нагорно-Карабах орчимд болж байгаа мөргөлдөөн их хурцадмал байдалтай болсон. Үүнд дэлхийн хүний эрхийн байгууллагууд анхаарч ажиллаж байна. Хоёр улсын энхийн гэрээ байгуулах асуудлыг ОХУ хариуцан ажиллахаар болсон тухай CNN агентлаг манай цагаар өнөөдөр өглөө мэдээлжээ.

1994 онд хоёр улс хилийн зөрчилдөөний улмаас мөргөлдөөн болж байсан. Хэдийгээр олон жилийн турш маргаантай хэвээрээ байсан ч, энэ удаагийнх шиг дайны байдалд шилжиж байгаагүй юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхэлсэн дайны байдалдтай мөргөлдөөний үеэр энгийн иргэн, цэргүүд гээд нийт 100 гаруй хүн амь насаа алдаад байна. ОХУ-ын зүгээс энхийн гэрээ байгуулах ажлыг хариуцна гэдгээ мэдэгдлээ.

Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр тэрбээр хоёр улсын засгийн газартай холбогдон, дайнаа зогсоохыг уриалсан байна. Үүнээс гадна хоёр улсын гадаад хэргийн сайдуудад Оросын дэмжлэгтэйгээр энхийн гэрээ байгуулахыг санад болгожээ. Оросын ерөнхийлөгч Путин, Францын ерөнхийлөгч Макрон нар утсаар холбогдон, энэ асуудалд анхаарах хэрэгтэй байгаа тухай хэлэлцсэн байна. Орос улс нь Арменид цэргийн нэгдэлтэй ч, Азербайжаны загийн газартай нягт холбоотой байдаг учраас аль нэг талын хүсэл сонирхлыг баримтлахгүй байх гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Азербайжан улс нь Туркийн дэмжлэгтэйгээр мөргөлдөөнөө үргэлжлүүлсээр байгаа. Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевийн зүгээс ямар ч нөхцөлгүйгээр, зүгээр л манай газар нутгийг тайван орхи гэж Армениудад сануулсан. Тэд өөрсдөө бууж өгтөл бид ч бас бууж өгөхгүй гэсэн байна. Харин Арменийн зүгээс ч бас энэ асуудалд бууж өгөхгүй, энхийн гэрээ байгуулах ч хүсэлгүй байна гэж мэдээлжээ.