“Умардын урсгал-2” хийн хоолойн барилгын үйл явц дуусах дөхөж байна

Үйл явдал

“Умардын урсгал-2” байгалийн хий дамжуулах хоолойн барилгын ажил дуусах шатандаа орж, Балтийн тэнгисийн ёроолоор сүүлийн хоолойг буулгаж, угсрах ажил хийгдэж байна.

Германы нутаг дэвсгэрт харъялагдах Балтийн тэнгисийн уснаа 200-858 дугаарын хийн хоолойг уснаа буулгаж, гагнуурын ажил нь хийгджээ.

Одоо хийн хоолойн Дани-Германыг холбосон хэсгийг нийлүүлэх ажил үлдээд байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хийн хоолойг угсрах ажил дууссаны дараагаас ойрын хэдэн хоногт багтаан үлдсэн төлөвлөгөөт ажлууд мөн хийгдэж дуусна гэж мэдэгджээ.

Тэгвэл “Умардын урсгал-2” хийн хоолой барих ажил сүүлийн шатандаа орсонтой зэрэгцээд Европын таваарын бирж дээр байгалийн хийн үнэ өсч, мянган куб/м нь 650 долларт хүрчээ.

“Умардын урсгал-2” хийн хоолой нь тус бүр нь 1234 км урт үргэлжлэх хоёр хэсэгтэй, түүгээр жилд 55 тэрбум куб/м хий нийлүүлэх хүчин чадалтай юм. Хийн хоолой барьж байгуулах ажил 2018 онд эхэлжээ.