Техаст Еврейн сүм рүү халдсан халдлагыг терроризмын үйлдэл гэж нэрлэжээ

Үйл явдал

Америкийн Техас мужийн еврейн сүмд гэм зэмгүй иргэдийг барьцаалсан хэрэг явдалтай холбоотойгоор Английн Манчестер дүүргийн цагдаагийн албаны терроризмын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өсвөр насны хоёр хүүхдийг баривчлан саатуулжээ.

Америкийн Холбооны мөрдөх товчоо болон Английн Скотленд-Ярдын албаны мэдэгдэлд дурьдсанаар Техас мужийн Колливилль хотын еврейн сүмд гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан 44 настай Малик Фейсал Акрам гэгч нь Английн Ланкашир гүнлэгт байнгын оршин суудаг байсныг тогтоожээ. 

Тэгвэл Манчестерын цагдаагийн албаныхны тусгай ажиллагааны үеэр баривчлагдан саатуулагдсан өсвөр насны хоёр хүүхэд болон Америкийн Колливилль хотод болсон хүн барьцаалсан гэмт хэрэгтний хооронд ямар холбоо сүлбээ байгааг одоогоор тодорхой мэдээлээгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Техас мужийн еврейн сүмд гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан хэрэг явдлыг алан хядлага, терроризмын гэмт хэрэг байсан гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Их Британийн гадаад хэргийн сайд Лиз Трасс мөн гэм зэмгүй хүмүүсийн амь насанд аюул учруулан барьцаалсан явдал алан хядлага терроризмын гэмт хэрэг мөн болохыг мэдэгдэлдээ онцолжээ. Ням гарагт Колливилль хотын сүмийн барилга руу халдан, гэм зэмгүй хүмүүсийг барьцаалсан этгээдийг тусгай ажиллагааны үеэр устган, барьцааны хүмүүсийг эсэн мэнд сулласан юм.