Казахстанд энхийг сахиулах үүрэг хүлээсэн Оросын цэргийн хүчний сүүлийн анги нэгтгэл гарчээ

Үйл явдал

Шинэ оны дараагаар дотоодын үймээн самуун, иргэдийн жагсаал цуглаанд автсан Казахстан улсад нөхцөл байдал эргээд хэвийн байдалд орж, энэ улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын зарласан онц байдлын дэглэм энэ сарын 19-ний шөнө дунд дуусгавар болсон байна. 

Төв Азийн энэ улсад ийнхүү дотоодын эмх замбараагүй байдал намжихтай зэрэгцээд Казахстанд энхийг сахиулах үүрэг хүлээн орсон Хамтын Аюулгүй байдлын гэрээний улс орнуудын энхийг сахиулагчид мөн Казахстаныг орхин гарч дуусчээ. 

Казахстанд энхийг сахиулах үүрэг хүлээсэн Оросын цэргийн хүчний сүүлийн цуваа Казахстаныг орхин гарчээ. Хурандаа генерал Андрей Сердюковоор ахлуулсан Оросын энхийг сахиулах хүчин Казахстанаас Москваг зорин ниссэн талаар Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Казахстаны Нурсултан болон Алматы хотоос Оросын дөрвөн цэргийн ачааны онгоц хөөрч, энэ нислэгээр Оросын энхийг сахиулах хүчний сүүлийн цэрэг дайчид Москваг зорьсон байна. Казахстан улсаас Оросын цэргийн хүчнийг гаргах үйл явц 5 хоног үргэлжилжээ. Үүнээс өмнө Казахстаны Армян, Беларусь, Тажикистан болон Киргизийн энхийг сахиулах хүчин орхин гарчээ. Казахстаны Гадаад хэргийн яам Хамтын аюулгүй байдлын гэрээнд нэгдэгч улс орнуудын энхийг сахиулах хүчин хүлээсэн үүргээ нэр төртэй, мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэнд талархал илэрхийлсэн байна. Казахстанд үүссэн дотоодын хямрал хүчирхийллийг намжаахын тулд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын 2022 оны 1-р сарын 6-ны өдөр баталсан шийдвэрийн дагуу Казахстан дахь нөхцөл байдлыг тогтворжуулах, хэвийн болгох зорилгоор энхийг сахиулах хүчний илгээсэн юм.Казахстанд дэгдсэн дотоодын үймээн самуун, эмх замбараагүй байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2,500 хүртлэх хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулагчид, мөн 250 нэгж техник оруулжээ. Оросын талаас агаарын десантын цэргийн анги нэгтгэлийн дайчид энэхүү ажиллагаанд нэгдсэн байна. Казахстанд оруулсан энхийг сахиулах хүчин энэ улсын дотоодын хууль хүчний байгууллагынхантай хамтран засгийн газрын барилгууд, нисэх буудал, Байконур дахь сансрын нислэгийн төв, мөн бусад дэд бүтцийн онцгой объектуудыг хамгаалах үүрэг хүлээж, үүргээ амжилттай биелүүлжээ.