Тонга Улсын иргэн арал хооронд 24 цагийн турш сэлж амьд гарчээ

Үйл явдал

Хэдхэн өдрийн өмнө Тонга арлын улсад далай доорх галт уул дэлбэрч, байгалийн гамшиг нүүрлэсэн. Үүнийг дагаад маш олон байшин барилга нурж, иргэд хүнд нөхцөл байдалд байна.

Гамшгийн улмаас гурван иргэн нас барж, олон хүн бэртэл гэмтэл авсан. Өнөөдөр өглөө нутгийн нэгэн иргэн амьд гарахын тулд хоёр арлын хооронд 24 цагийн турш 13 км сэлсэн талаар албаныхан мэдээлсэн байна. Нутгийн иргэн Лисала Фолау-ын оршин суудаг арал нь бүхэлдээ цунамид өртөж, бараг л бүх байшин барилга нуржээ.

Тэрээр гамшиг болох үед гэрээсээ үсрэн мод руу авирч, аюулгүй арал руу тасралтгүй 24 цаг сэлж хүрсэн байна. Түүнийг гэртээ байх үед анхааруулга мэдээ гарч, гэрт нь зургаан метр орчим өндөр далайн давлагаа орж иржээ. Гэрээсээ үсэрч модонд тогтсон ч дахиж давлагаа ирснээр далайн ус руу шидэгдсэн. Энэ мөчид Лисала үеэл болон хүүтэйгээ хамт байсан хэдий ч оройн долоон цаг орчимд далайн ус руу шидэгдсэн учраас тэднийг алдсан байна.

Хэдийгээр хүү нь түүнийг дуудаж байгаа нь сонсогдож байсан ч эргээд уулзаж чадаагүй гэжээ. Ингээд үхсэн ч модон дээр гарвал цогцсыг минь ядаж олох байх гэж бодоод модон дээр тогтох гэж оролдсон байна. Яг энэ мөчид тэрээр Токетоке арлын зүүн хэсэгт байсан. Тухайн өдрийн өглөө нь ойрын Атата арал дээр цагдаагийн машин байсныг санажээ. Арал руу даллаж аль чадахаараа өөрийгөө харуулах гэж оролдсон ч амжилтыг эс олов.

Ямартай ч ойр орших Полоа арал руу сэлсэн бөгөөд долоон цаг орчим сэлж амьд гарсан талаараа ярьжээ. Тэрбээр амьд гарахын тулд бараг л 24 цагийн турш сэлж, модон дээр тогтсон байна.