ОХУ-ын олон улсын спортын уралдаан тэмцээн явуулах, оролцох эрхийг нь хязгаарлажээ

Үйл явдал

ОХУ, Украины эсрэг халдан довтолсны хариуд олон улсын нийгэмлэг Москвагийн эсрэг ээлж дараалан хориг саад тавихын зэрэгцээ зөвхөн улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй мөн спорт, урлаг соёлын салбарт ч хоригт өртөөд байна.

Олон улсын нийгэмлэгийн зүгээс Оросын нутаг дэвсгэр дээр аливаа олон улсын урлаг спортын арга хэмжээ зохион явуулахад хориг тавьж байгаагийн дээр мөн гадны улс орнуудад болох тэмцээн уралдаанд Оросын талыг оролцуулахгүй байхаар хязгаарлалт тавьжээ.

УЕФА, Оросын Санкт-Петербург хотноо болох ёстой байсан Аваргуудын лигийн финалын тоглолтыг цуцлан, энэ улирлын тоглолтыг Парис хотод явуулахаар тогтсон байна.

Европын хөлбөмбөгийн улирлын гол тоглолтыг Парисын “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар шийджээ. Түүнчлэн Оросын нутагт болох ёстой байсан “Формула-1” олон улсын авто уралдааны Гран-при, Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, хаданд авиралтын дэлхийн цомын тэмцээн, Олон улсын Цанын холбооны улирлын тэмцээн уралдаан, 2022 оны Европын кёрлингийн АШТ гэхчлэн спортын тэмцээн уралдааныг цуцалж, өөр газарт явуулахаар тогтжээ.

Мөн соёл урлагийн салбарт ч мөн Оросын талд хориг хязгаар тавьж, 2022 оны Евровижн хөгжмийн наадамд оролцох эрхийг хязгаарлан, Их Театрын жүжигчдийн Английн Лондон хотын Ковент-гарденд хийх аялан тоглолтыг цуцлан, Оросын нэртэй удирдаач Гергиев болон төгөлдөр хуурч Мацуев нарын Нью Йоркийн “Карнеги-холлд” хийх тоглолтын цуцалсан байна.