НҮБ: Украины 50 мянган иргэн дүрвэжээ

Үйл явдал

Украинд нөхцөл байдал хурцдаж, хүндрэхийн хирээр энэ улсын иргэд хөрш зэргэлдээх улс орнууд рүү дүрвэн зугтаж байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын өгч байгаа мэдээллээр Украины талаас 50 мянган иргэн эх орноосоо дүрвэн зугтаад байгаа юм. Ингэхдээ зөвхөн сүүлийн 24 цагийн байдлаар 35 мянган иргэн Украинаас Польш улс руу дүрвэн ирсэн талаар Польшийн дотоод хэргийн сайдын орлогч мэдээлжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагын мэдээлж байгаагаар ОХУ-ын тал Украины эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 50 мянган иргэн гадагшаа дүрвэн гарчээ. Ингэхдээ Украины иргэдийн дийлэнх нь Польш улс руу гарсан байна. Польшийн талын мэдээлж байгаагаар өнөөдөр улсынх нь нутаг дэвсгэрт Украины 38 мянган иргэн ирээд байгаагаас 30-аад мянга нь явган эсвэл хувийн унаа тэргээрээ хил даван орж иржээ.

Польшийн тал Украинтай залгаа хилийн бүс дагуугаа дүрвэгсдийг хүлээн авах төв байгуулж, иргэдийг халуун хоол хүнсээр хангах ажил зохион байгуулж байна. Түүнчлэн Румынд мөн Украины хэдэн мянган иргэн иржээ. Тэд мөн явганаар, хувийн машин тэргээрээ, мөн хөлөг онгоцоор ирсэн байна.