Барууны хэд хэдэн улс Украинд байлдааны танкны тусламж үзүүлнэ гэж амалсны хариуд Москва их хэмжээний пуужин, өөрөө дэлбэрэх онгоцуудыг Киев болон Украины бусад хотууд руу нисгэж аюултай цохилт өглөө. Пүрэв гарагт болсон цохилтын улмаас дор хаяж 11 Украин иргэн амиа алджээ.
Орос-Украины мөргөлдөөн эхлээд 1 жил болох гэж байгаа энэ үед АНУ болон Герман тэргүүтэй барууны холбоотнууд Украинд Оросын түрэмгийллийг зогсооход туслах олон арван дэвшилтэт технологи бүхий танк илгээхээр тохиролцсон. Энэ мэдээг зарласнаас нэг өдрийн дараа Москва Киев болон Украины бусад хотод хүчтэй цохилт өглөө. Үүрээр хүмүүс ажил ажилдаа явах цагаар, Украин улс даяар агаарын дайралтын дохио дуугарсан байна. Киевт олон хүмүүс газар доорх метроны буудлуудад түр хоргодож, хөдөлгөөнгүй зогссон урсдаг шат дээр бөөгнөрөн цуглажээ. Киев хотын даргын хэлснээр нийслэлд 55 настай эрэгтэй амиа алдсан нь энэ оны Киевд анхны дайны улмаас амь үрэгдсэн хүн байж. Түүнээс гадна 2 хүн бэртжээ. Украины Запорожье мужийн прокурорын газраас эрчим хүчний байгууламжинд байсан гурван хүн амиа алдаж, долоон хүн шархадсан гэж мэдээлсэн байна.Улсын хэмжээнд Пүрэв гаргийн халдалт дор хаяж 11 хүний амийг авсан тухай Украины Онцгой байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч Александр Хорунж мэдэгджээ. Украины агаарын хамгаалалтын хүчин ОХУ-аас нэг шөнийн дотор илгээсэн 24 нисгэгчгүй онгоцыг бүгдийг нь, 55 пуужингийн 47-г нь устгасан байна. Орос улс сүүлийн үеүдэд эрчим хүчний станцууд болон бусад чухал дэд бүтцэд чиглэн цохилт өгч, өвлийн хүйтэнд сая сая хүнийг дулаан, цахилгаангүй болгож, Украины эрчим хүчний шийдлийг сулруулж байгаа юм.