Даваа гарагийн үүрээр болсон хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири, Турк улсад гамшгаас аврах ажиллагаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Гамшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 23 мянга давж, дэлхийн өнцөг булан бүрээс аврагчид нурангид дарагдаж хавчуулагдсан байж магадгүй амьд хүмүүсийг хайхаар цаг хугацаатай уралдан өдөр шөнөгүй ажиллаж байна.
Хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт болсны дараа тав дахь өдөр найдвар хэдий тасарсан ч балгас дороос амьд үлдэгсдийг олсоор байна. Турк улсад газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 20,213 болж, 80,052 хүн бэртэж гэмтсэн гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ. Харин Сирийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр Сирийн засгийн газрын хяналтад байгаа бүс нутагт 1,387 хүн амиа алдаж, 2,326 хүн шархадсан бол сөрөг хүчний хяналтад байгаа бүс нутагт 2,037 гаруй хүн амь үрэгдэж, 2950 гаруй хүн шархадсан, цаашид нэмэгдэх төлөвтэй байна гэж орон нутгийн аврах багийнхан Баасан гарагт мэдэгджээ. Даваа гарагийн үүрээр Турк, Сирийн хилийн ойролцоох Кахраманмарас мужид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, үдээс хойш мөн адил хүчтэй газар хөдлөлт болж, өдрийн турш үргэлжилсэн олон арван чичиргээ асар их хохирол учруулсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Пүрэв гарагт Сирид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст хандивлагчдын тусламж үзүүлэхийг НҮБ ирэх долоо хоногт зарлана гэжээ. Гутерриш сэтгүүлчдэд хэлэхдээ, "Турк, Сирид болсон газар хөдлөлт бол бидний цаг үеийн хамгийн том байгалийн гамшгийн нэг" гэжээ.