Өнгөрсөн 7 хоногийн хүчтэй газар хөдлөлтийн дараа Турк, Сири улсуудад усаар дамжих өвчлөл дэгдэх эрсдэлтэйг ДЭМБ-аас анхаарууллаа. Аймшигт гамшгаас хойш, хүйтэн цаг агаар, эрүүл ахуй, ариун цэвэр, халдварт өвчний тархалттай холбоотой эрүүл мэндийн асуудлууд улам бүр нэмэгдэж байгааг ДЭМБ-ын Европ бүсийн захирал Hans Kluge мэдэгджээ.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк, Сирид амь үрэгдэгсдийн тоо 37,000 давсан бөгөөд 2 улсын хотууд бүхэлдээ сүйрч, амьд үлдсэн ард иргэд нь орох оронгүй болж, зарим нь барилгын нуранги, хог хаягдал дээр хоног төөрүүлж байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн өмнөд хэсгийн 158,000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Ундны ус, ариун цэврийн байгууламжид ноцтой гэмтэл учирсан нь маш ноцтой бөгөөд усаар дамжих халдварт өвчин дэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байгааг ДЭМБ-ын Турк дэх төлөөлөгч Батыр Бердыклычев мэдэгдлээ. Зөвхөн уснаас шалтгаалах өвчлөл төдийгүй улирлын томуу, Ковидын эрсдэл байгаа юм. Олноор нь нэг газарт нүүлгэн шилжүүлсэн хүмүүс халдвар дэгдэлтийн эрсдэлд илүү өртдөг гэж тэрээр нэмж хэллээ. Турк болон Сирийн нийт 26 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд Туркийн нэг сая хүн орон гэргүй болжээ. ДЭМБ 43 сая ам доллар цуглуулах уриалга гаргасан боловч ДЭМБ-ын Европ бүсийн тэргүүн Ханс Клюг энэ тоо ойрын өдрүүдэд дор хаяж хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм. ДЭМБ-ын Европ бүст сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт байгалийн гамшиг гэдгийг тэрээр онцолжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган газар хөдлөлт- атомын бөмбөг шиг хүчтэй байсан гэж Мягмар гарагт мэдэгдсэн байна. Туркэд олон зуун мянган байшин барилга амьдрах боломжгүй болжээ. Ийм гамшгийн үед ямар ч улс орон адилхан асуудлуудтай тулгарна гэж Ерөнхийлөгч Эрдоган хэлсэн байна.