Билл Гейтс гэрлэлтээ цуцлуулна

Энтертэйнмент

Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг, Америкийн Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда нар гэр бүлээ цуцлуулахаар болжээ. Тэд 27 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, гэр бүлээ цуцлуулахаар шийдвэрлэсэн талаараа мэдэгдсэн байна.

Билл Гейтс энэ талаараа твиттер хуудсаараа дамжуулан мэдээлж: -Бид удаан бодож тунгаасны эцэст харилцаандаа цэг тавьж, хамтын амьдралаа төгсгөн, гэр бүлээ цуцлуулахаар шийдлээ гэсэн байна. Билл Мелинда нар 27 жил амьдрахдаа 3 хүүхдээ төрүүлж өсгөн, өөрсдийн нэрээр буяны сан байгуулж, дэлхий даяар хүмүүст тусалж, аз жаргалтай сайн сайхан амьдралыг хамтдаа туулжээ. Хэдийгээр тэд гэрлэлтээ цуцлуулж байгаа ч “Билл энд Мелинда Гейтс” сангаа цаашид үйл ажиллагааг нь хэвээр явуулж, тэдний дэмжлэг туслалцаа шаардлагатай хүмүүст үргэлжлүүлэн тусалсаар байх болно гэдгээ илэрхийлсэн байна. Билл Гейтс ирээдүйн эхнэртэйгээ 1980-аад оны сүүлээр, Мелиндаг Майкрософт компанид ажилд орохоор ирэхэд нь танилцаж байжээ. Хосууд 2000 онд өөрсдийн нэрээр буяны сан байгуулж, өөрсдийн хөрөнгийн тал хувийг сандаа төвлөрүүлсэн юм. Тэдний байгуулсан сан хөгжиж байгаа улс орнуудад аюулт өвчинтэй тэмцэх, мөн эрүүл мэнд болон боловсролын салбарын хөтөлбөрүүдэд голчлон чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Билл Гейтс Америкийн Forbes сэтгүүлийн жагсаалтад олон удаа дэлхийн хамгийн баян эрхэм болж, хөрөнгө чинээгээрээ тэргүүлэн бичигдэж байсан. Өнөөдөр Билл Гейтс Forbes-ын жагсаалтад 130,5 тэрбум долларын хөрөнгөөрөө 4-рт жагсч байна.