Индонези Улсын шинэ нийслэл хотыг Нусантара гэж нэрлэнэ

Энтертэйнмент

Зүүн Өмнөд Азийн хөгжингүй улс орон болох Индонези Улс шинэ нийслэл хоттой болохоор төлөвлөж байна. Уур амьсгалын дулаарал, цаг уурын өөрчлөлтийн улмаас  Жакарта хот ирээдүйд усанд автаж болзошгүй учраас нийслэл хотоо шинэ газарт нүүлгэхээр төлөвлөж, энэхүү төсөлд 32 тэрбум доллар зарцуулахаар төсөвлөжээ. 

Индонезийн хууль боловсруулагчид нийслэл хотоо Жакартагаас нүүлгэж, шинэ хот байгуулах санаачлагыг дэмжсэн байна. Нийслэл Жакарта хотыг улсынхаа зүүн хэсэгт байрлах Борно арал дээр байрлах жунглийн бүс болох Калимантан арал руу шилжүүлж, Индонези улс шинэ нийслэлээ Нусантара гэж нэрийдэхээр тогтжээ.

Калимантан арлын зүүн хойд хэсэгт сүндэрлэн босох Индонезийн шинэ нийслэл нь Нусантара буюу “бүлэг арлууд” гэж нэрлэгдэх юм. Индонезийн Үндэсний хөгжил төлөвлөлтийн яамны сайд Сухарсо Моноарфа улсынхаа засгийн газрын хуралдаан дээр энэ талаар танилцуулж, ерөнхийлөгч Жоко Видодо улсынхаа шинэ нийслэл хотыг Нусантара гэж нэрийдэхээр тогтсон талаар мэдээлжээ.

Ерөнхийлөгч Видодо улсынхаа нийслэл хотыг Жакартагаас нүүлгэн саналыг 2019 онд гаргаж байжээ. Улмаар энэхүү төлөвлөгөөнд зориулан 32 тэрбум долларын хөрөнгө мөнгө төсөвлөн, хэрэгжүүлж эхлэхээр тогтсон ч цар тахлын халдварын улмаас хойшлогдон, ойрын хоёр жилд багтаан хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Индонези нь “мянган арлын нутаг” гэж нэрийддэг 18 мянган бүлэг арлаас тогтсон улс юм.