Хунтайж Харри, Меган Маркл нар хатан хааны ойд хязгаарлалттай оролцоно

Энтертэйнмент

Меган Маркл, хунтайж Харри нар 2020 онд хааны албан үүргээ орхисноос хойш хааны гэр бүлтэй харилцах харилцаа нь нэлээд хөндийрсөн байсан. Тэгвэл Сассексчууд энэ зургаадугаар сард болох Хатан хаан II Елизаветагийн Платинум ойг тэмдэглэхээр Их Британид эргэн ирэх нь ээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабетийн Платинум ойн албан ёсны баярыг ёслол төгөлдөр эхлүүлсэн. Тэгвэл ирэх 6-р сарын 2-ноос эхлэн банкны тусгай амралтын өдрөөр мөн Их Британийн ард түмэн Хатан хаан II Елизаветагийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тохиолдуулан тэмдэглэн өнгөрүүлнэ. Ойн арга хэмжээнд Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар  уригдан оролцохоор Их Британид хүү Арчи, охин Лилибет нартайгаа ирэх юм байна. Энэ нь хааны гэр бүлээс салж, АНУ-ыг зорьсноос хойш анх удаа ирж буй тохиолдол юм. Гэсэн хэдий ч хос болон тэдний хүүхдүүд хатан хааны албан ёсны баяр болох "Trooping the Color"-ийн үеэр хааны гэр бүлийн бусад гишүүдтэй хамт Букингемийн ордны тагтан дээр зогсохгүй юм байна. Харин энэ үйл ажиллагаанд хатан хаан өөрөөсөө гадна Хатан хааны нэрийн өмнөөс хааны ордны албан үүрэг гүйцэтгэдэг бусад гэр бүлийн гишүүдийг оролцуулахаар шийдсэн.  Харри, Маркл нар хамгийн сүүлд 2019 онд тагт дээр гарах арга хэмжээнд оролцож байжээ. 

"Ханхүү Харри, Меган нар энэ 6-р сард болох Хатан хааны Платинум ойн баярт хүүхдүүдийнхээ хамт оролцохдоо баяртай байгаа бөгөөд нэр төрийн хэрэг " гэж хосыг төлөөлж буй хэвлэлийн төлөөлөгч People сэтгүүлд ярьжээ.