Суданы экс тэргүүнийг Гаага дахь шүүхэд татна

Улс төр

Суданы эрх баригчид улсынхаа экс ерөнхийлөгч Омар Аль Баширыг Гаага дахь НҮБ-ын олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд шилжүүлэх хүсэлтэй байна. Аль Баширыг Суданы Дарфур мужид зэвсэгт мөргөлдөөн, халдлага хүчирхийлэл үйлдэн 300 мянган хүний аминд халдсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Суданы засгийн газар улсынхаа экс ерөнхийлөгчөө улсынхаа иргэдийн эсрэг геноцид үйлдэн, үй олноор нь хөнөөсөн дайны гэмт  хэрэг үйлдсэнд буруутай гэж үзэж байна. Суданы Дарфур мужид 2003-2006 оны хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, албаны эх сурвалжийн мэдээгээр 300 мянган хүн амиа алдсан юм. Түүнчлэн Дарфурын зэвсэгт мөргөлдөөний улмаас Суданы 2,5 сая иргэн орон гэрээ орхин хүчирхийллээс зугтан дүрвэхэд хүрсэн гэж тооцдог байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2005 онд Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхэд Дарфур дахь зэвсэгт мөргөлдөөний дагуу мөрдөн шалгах ажил явуулахыг даалгаж байжээ. Улмаар 2008 онд Гаагийн шүүх Омар аль Баширыг баривчлах ордер гаргасан ч өнөөдрийг хүртэл Суданы экс ерөнхийлөгч хариуцлагаас мултарсаар яваа юм. Омар аль Башир өнөөдрийн байдлаар эх орондоо авлига, хээл хахууль, жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэргээр хоригдож байгаа юм.