ХБНГУ нь Афганистан дахь Талибаны дэглэмтэй яриа хэлэлцээ хийнэ

Улс төр

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Афганистанаас гадны иргэд болон дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа дууссаны дараагаар талибаны бүлэглэлтэй энэ улсын цаашдын улс төрийн тогтолцоо, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээр явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ талаар хатагтай Меркель Бундестаг буюу улсынхаа парламентын хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Германы Холбооны канцлер мэдэгдэлдээ дэлхийн улс орнууд талибаны радикал бүлэглэлийг алан хядах террорист байгууллага гэж үзсэн ч, эс үзсэн ч цаашид Афганистаны асуудлаар талибанчуудтай харилцахаас өөр сонголт үлдээгүй гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. “Харамсалтай нь бид энэ баримттай, үнэнтэй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд байна. Тиймээс цаашид Афганистанд сүүлийн 20 жилд цогцлоохыг тэмүүлсэн өөрчлөлт шинэчлэлт, ардчиллыг хамгаалахын тулд бид Талибаны бүлэглэлтэй харилцахаас өөр сонголт байхгүй” гэжээ.

Герман улс Афганистанд үүсээд байгаа хүмүүнлэгийн гамшиг, мөн Афганистанаас олон тоон дүрвэгсэд хүлээн авч байгаа хөрш зэргэлдээх улс орнуудад нь үзүүлэх тусламж дэмжлэгээ зогсоохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ зорилгоор Герман улс Афганистанд хагас тэрбум еврогийн тусламж үзүүлнэ.