Украины Ерөнхийлөгчийн туслахын аминд халдахыг завджээ

Улс төр

Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн ойрын хамтрагч, зөвлөгчийн амь насанд халдахыг завдсан хэрэг гарчээ. Сергей Шефирын машин руу үл мэдэгдэх этгээдүүд Украины нийслэл Киев хотын дор байрлах Лесники тосгоноос холгүй явахад нь галт зэвсгээр гал нээсэн байна.

Украины эх сурвалжуудын дамжуулж байгаагаар ерөнхийлөгч Зеленскийн ойрын туслахын машин руу үл мэдэгдэх этгээдүүд халдах үед Сергей Шефир өөрөө өртөөгүй ч түүний жолооч суманд оногдон шархадсан байна.

Украины Үндэсний цагдаагийн албаны мэдээлэлд дурьдсанаар Шефирын машин руу бараг 10-аад удаа гал нээж, жолооч нь суманд оногдон шархаджээ.

Шефир гэнэтийн халдлагын улмаас шокийн байдалд орж, түүнийг аюулгүй газар аваачсан байна.

Энэ явдлын талаар Нью Йоркод НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож байгаа Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “миний хамтрагч, анд найзын маань машин руу хөдөө газар явахад нь ойд нуугдаж байгаад гал нээсэн явдал нь ичгүүр сонжуургүй явдал” гэжээ.