Жастин Трюдогийн нам Канадын сонгуульд 3 дахь удаагаа тэргүүллээ

Улс төр

Канадад болсон ээлжит бус парламентын сонгуульд Ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлдэг Либерал нам ялалт байгууллаа. Хэдийгээр сонгуульд эрх баригч нам ялалт байгуулсан ч хүлээж байсан үр дүндээ хүрч, хууль боловсруулах доод танхимд олонхи болох зорилгодоо хүрч чадаагүй байна.

Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн либерал нам сонгуульд ялалт байгуулсан ч парламентад олонхи болж чадсангүй. Ингэснээр Канадын Либерал нам улс төрийн бусад нам эвсэлтэй нэгдэн цөөнхийн засгийн газар эмхлэн байгуулах нь тодорхой боллоо.

Канадын парламентын сонгуульд Либерал намын араас Эрин О’Тулын тэргүүлдэг Консерватив нам орж, 3-рт Квебекийн эвсэл оржээ. Түүнчлэн парламентад Канадын Шинэ Ардчилсан нам болон Ногоонтны нам мөн багтсан байна.

Канадад парламентын ээлжит сонгууль 2023 онд болох ёстой байсан ч ерөнхий сайд Жастин Трюдогийн тэргүүлдэг Либерал нам парламент дахь олонхийн байр сууриа алдаж, парламентын танхимын 338 суудлаас ердөө 155-ыг нь эзэмших болсон учраас нэр нөлөөгөө өсгөх зорилгоор өнгөрсөн 8-р сард парламентаа татан буулгаж ээлжит бус сонгууль явуулахаар тогтсон юм.