Фумио Кишидаг Японы Ерөнхий сайдаар батламжиллаа

Улс төр

Японы парламент улсынхаа эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсон Фумио Кишидаг олонхийн саналаар ерөнхий сайдын суудалд батламжилжээ. Японы ерөнхий сайдаар сонгогдсон Фумио Кишида ойрын хугацаанд багтаан засгийн газрын танхимаа танилцуулах юм.

Фумио Кишида улсынхаа 100 дахь засгийн газрын тэргүүнээр сонгогджээ. 64 настай Кишида энэ долоо хоногт багтаан улсынхаа шинэ сайд нарын танхимаа бүрдүүлж, засгийн газрынхаа бодлого, байр суурийг танилцуулах учиртай юм.

Фумио Кишида 2012-2017 оны хооронд Японы гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан, өөрийн дундыг баримталсан консерватив үзэл баримтлалаар алдартай улс төрч. Тэрээр АНУ-тай стратегийн түншлэлээ бэхжүүлэхийн төлөө байр суурьтай байдаг юм.

Фумио Кишидаг Японы парламент ерөнхий сайдаар батламжилсны дараагаар сайд нарын танхимын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Хироказу Мацуно шинэ сайд нараа танилцуулсан байна.

Японы шинэ ерөнхий сайд Фумио Кишидагийн засгийн газарт өмнөх сайд нарын танхимын 20 гишүүнээс ердөө 2 сайд л албан тушаалдаа хэвээр үлджээ. Японы гадаад хэргийн сайд Тошимицу Мотэги, мөн Батлан хамгаалахын сайд Нобуо Киши нар суудлаа хадгалж үлдэн, бусад 13 нь анх удаа сайдын алба хаших юм.