Ангела Меркель улсынхаа ЗГ-ын тэргүүний хувиар Францад сүүлийн айлчлалаа хийж байна

Улс төр

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель улсынхаа засгийн газрын тэргүүний хувиар Франц улсад сүүлийн айлчлалаа хийж байна. Түүний энэ айлчлал албаны гэхээс илүүтэй билгэдлийн, үдэлтийн айлчлал болж, Холбоотон орнууд, хамтрагч нөхдүүдтэйгээ Канцлерын хувиар үдэлт хийж байгаа юм. 

Франц болон Герман улсууд Дэлхийн 2-р дайнаас хойшхи түүхэн харилцаагаа шинэ цаг үед бэхжүүлж, Нэгдсэн Европын төлөөх гол хамтрагч улс орнууд болж, өнөөдөр Парис-Берлины харилцаа ЕХ-ны гол үндсийг бүрдүүлж байгааг тэмдэглэх нь зүйтэй юм.

Хатагтай Ангела Меркель ХБНГУ-ыг 16 жил тэргүүлэх хугацаанд Франц оронд 4 ерөнхийлөгч солигдсон хэдий ч Германы канцлер бүх цаг үед Францын тэргүүлэгчидтэй нягт хамтран ажилласаар иржээ.

Тиймээс Ангела Меркелийн үдэлтийн айлчлалыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон албаны бус байдалд хүлээн авч, Бургунди дарсны эх орон гэгддэг Бон хотод найрсаг, нөхөрсөг байдлаар зохион байгуулжээ. Францын тэргүүн Европын томоохон хамтрагч, Германы канцлерыг Хүндэт Легионы одонгоор шагнажээ.