Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Казымигийн аминд нисэгчгүй дрон ашиглан халдахыг завджээ

Улс төр

Ням гарагт Иракийн нийслэл Багдад хотноо энэ улсын ерөнхий сайдын аминд тэсрэх бөмбөг суурилуулсан нисдэг дроны тусламжтайгаар халдахыг завдсан хэрэг гарчээ. Халдлагад ерөнхий сайд Мустафа аль Казыми өртөөгүй ч түүний хамгаалалтын албаныхан өртөн шархадсан байна. 

Иракийн ерөнхий сайдын аминд халдах зорилгоор Багдад хотын “ногоон бүс”-д байрлах албан өргөө рүү нь дрон илгээсэн байна. Ерөнхий сайдын албан өргөө байрлах Багдад хотын тусгай хамгаалалттай бүсэд түүнчлэн засгийн газрын байгууллагууд, гадны улс орнуудын ЭСЯ-д байрладаг юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дроны тусламжтай үйлдсэн халдлагад ерөнхий сайд өртөөгүй ч хамгаалалтын албаны 10 ажилтан өртөн шархаджээ. Түүнчлэн ерөнхий сайдын албан өргөө хэсэгчлэн сүйдэж, материаллаг хор хохирол учирсан байна.

Ерөнхий сайдын аминд халдахыг завдсан хэргийн дагуу тусгай ажлын хэсэг томилогдон мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ. Одоогоор халдлагыг хэн үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Иракт 10-р сарын 10-нд парламентын сонгууль явагдсаны дараа улс төрийн хямрал дэгджээ.

Сонгуульд Фатх эвсэл парламентын 329 суудлаас 15 мандат авсан юм. Өмнө нь Фатх эвсэл парламентад 48 мандат эзэмшиж байсан ч ийнхүү байр сууриа алджээ. Үүнээс шалтгаалан эвслийн гишүүд сонгуулийн дүнг эсэргүүцэн, Багдад хотын “ногоон бүс”-ийн дэргэд жагсаал цуглаан явуулж байжээ. Өнгөрсөн баасан гарагт энд цагдаа хүчнийхэн болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, нэг хүн амиа алдан 125 хүн шархадсан юм.