ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Турк улсад ажлын айлчлал хийхээр Анкараг зорилоо... Айлчлалын үеэр талууд Украинаас хүнсний коридор нээх асуудлыг голчлон хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм. Учир нь Оросын эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаанаас шалтгаалан Украины боомтуудад 1.5 сая тонн үр тариа боогдоод байна.
Блумберг агентлагийн мэдээллээр Турк, Оросын талууд Украины Одесс хотын боомтоор үр тарианы нийлүүлэлтийг сэргээх асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа гэнэ. Ажиглагчид, хэдийгээр Орос, Туркийн харилцааг Барууны орнууд стратегийн түншлэл эсвэл стратегийн эвсэл гэж нэрлэх аргагүй байгаа ч ямартаа ч Москва, Анкарагийн талууд бүс нутгийн хэмжээнд олон салбарт харилцаагаа бэхжүүлэн хамтарч ажилладгийг тэмдэглэж байна.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын тэргүүн Владимир Путинтай утсаар ярилцах үеэрээ мөн Сирийн асуудлыг хөндсөнийг Лавров айлчлалынхаа үеэр хөндөх бололтой. Учир нь Сирийн талаас Туркийн нутаг дэвсгэр лүү халдлага үйлдэх нь ихэсч, Курдистаны ажилчны намын дайчид идэвхжсэн байна. Эрдоган 2022 оны 5-р сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ Сирийн хойд хэсэгт, хоёр улсын хоорондын аюулгүйн бүсээс дотогш 30 км-ийн бүсэд нэвтрэн цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдсэн юм. Энэхүү цэргийн ажиллагаанд Туркийн талаас 50 мянган цэргийн албан хаагч, мөн түүнчлэн Анкараг дэмжигч Сирийн сөрөг хүчний босогчдын бүлэглэлийн дайчид оролцох гэнэ.