ХБНГУ-ын канцлер асан Ангела Меркель Орос-Украины хоорондын хямрал, дайн тулааны улмаас үүссэн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Улсынхаа засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байхдаа Барууны орнуудаас ОХУ-тай хамгийн ойр харилцаатай байсан хатагтай Меркель энэ удаад Москвагийн талаар улсынхаа одоогийн засгийн газраас баримталж байгаа байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Ангела Меркель улсынхаа засгийн газрыг 16 жил тэргүүлэхдээ Оросын талтай найрсаг харилцаатай байсан. Тэгвэл Орос-Украины хямрал, дайн тулаан Орос-Германы уламжлалт найрсаг харилцаанд ч таагүй нөлөөлжээ. Герман улс Украины дайнаас хойш Оросын эсрэг хатуу байр суурь баримтлахаас аль болох сэргийлж байсан ч Барууны улс орнуудын Москвагийн эсрэг хоригт нэгдэж, улмаар Украинд цэрэг зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр тогтсон.
Германы Холбооны канцлер асан Ангела Меркель Украины дайнтай холбоотой улсынхаа засгийн газраас баримталж байгаа байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хатагтай Меркель албан сэнтийгээсээ бууснаас хагас жилийн дараа өгсөн анхны ярилцлагадаа Орос улс Украин луу халдсаныг зэмлэн буруутгасан байна. “Энэ бол олон улсын хууль эрхзүйг зөрчсөн Оросын маш том алдаа, бусармаг халдлага дайралт” гэж Меркель хэлжээ.
Түүнчлэн хатагтай Меркель 2015 онд байгуулсан Украины зүүн бүсийн энхийн яриа хэлцлийг хөндөж, энэхүү хэлцэлл Украинд асуудлаа шийдэх хангалттай цаг хугацаа олгосон гэдгийг тэмдэглэн өөрийн дипломат хүчин чармайлтын төлөө хэн нэгнээс хүлцэл эрэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлжээ.
Ангела Меркель түүнчлэн 2014 онд Крымын хойгийн тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар тухайн үед Оросын эсрэг магадгүй илүү хатуу хориг тавьж, анхааруулах ёстой байсан байж магадгүй ч тухайн цагт улс орнууд энэ байр суурийг дэмжээгүй гэдгийг хэлжээ. Гэхдээ Украины зүүн бүс дэх Крымийн хойгийг Оросын тал өөртөө нэгтгэсний төлөө Москваг Их Наймын бүлгээс хассан гэдгийг санах хэрэгтэй, мөн түүнчлэн тухайн үед НАТО-ийн орнууд улсынхаа ДНБ-ий 2%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулахаар шийдвэрлэж байсныг ч тэмдэглэжээ.
Оросоос Герман руу байгалийн хий нийлүүлэх “Умардын урсгал-2” төслийн талаар хөндөхдөө хатагтай Меркель тухайн цаг үед энэ төслийгАмерик, Украин болон Зүүн Европын хамтрагчид нь эсэргүүцэж байсан ч Путин энэ төслийг дуусган, бүрэн ашиглалтанд орохыг хүлээлгүйгээр Украин руу халдсаныг тэмдэглэжээ. Германы одоогийн канцлер Олаф Шольцын засгийн газар “Умардын урсгал-2” төслийг өнгөрсөн 2-р сард зогсоох шийдвэр гаргасан.