ОХУ болон БНХАУ, АНУ-ын засгийн газраас Солонгосын хойгийн талаар баримталж байгаа бодлого, байр суурь бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд заналхийлж, хямрал зөрчилдөөн гаарахад хүргэж байна гэж үзэж байна. Энэ талаар Москва, Бээжингийн талууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай хуралдааны үеэр мэдэгдэж, Пхеньяны эсрэг Аюулгүйн зөвлөлөөс гаргасан баримтад хориг тавьсан шалтгаанаа тайлбарлан, байр сууриа хамгаалжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умардын тал удаа дараа баллистик пуужингийн туршилт явуулсныг эсэргүүцэн Пхеньяны эсрэг ээлжит хориг арга хэмжээнүүд авч, өмнөх хоригуудаа чангатгах санал гарган хэлэлцсэн ч үүнд Хятад болон Оросын талууд хориг тавьсан. Тэгвэл Ерөнхий Ассамблейн энэ удаагийн хуралдаанаар Бээжин, Москвагийн талууд ямар шалтгаанаар Пхеньяны эсрэг тогтоолд хориг тавьснаа тайлбарлажээ. Оны дараанаас Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд хэрвээ ямар нэгэн тогтоол шийдвэрт хориг тавьбал ямар шалтгаанаар тавьж байгаагаа тайлбарлаж байх шаардлагатай болсон. Энэ дагуу Орос, Хятадын талууд Умардын эсрэг тогтоол шийдвэрийн эсрэг хориг тавих эрхээ ашиглан, тайлбар өгч байгаа юм.
Хятад улс Америкийн тал Умард Солонгосын талаар тогтворгүй байр суурьтай байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж, хямрал даамжрахад хүргэж байгаад буруутгажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар Пхеньян он гарснаас хойш удаа дараа пуужингийн туршилт явуулж байгаатай холбоотойгоор олон улсын ээлжит хориг тавих эсэх асуудлаар хуралдаж байгаа юм. НҮБ дахь Хятадын албаны төлөөлөгч Жан Жунь Вашингтоны талыг улсын тэргүүн солигдохтой зэрэгцээд Солонгосын хойгийн талаарх байр сууриа өөрчилж, наанаа хямралыг шийдэхийн тулд яриа хэлэлцээрт бэлэн гэдэг ч цаанаа шаардлагатай зохих арга алхмаа авалгүй хойш татдагт буруутгалаа. Тэрээр Солонгосын хойгийн хурцадмал байдлыг Америк мэтийн улс орнуудын тогтворгүй байр суурь даамжруулах шалтгаан болж байгааг шүүмжлэн, асуудлыг цаашид яриа хэлэлцээрийн аргаар шийдэх нь хамгийн зөв алхам гэдгийг онцолжээ. Хятадын албаны төлөөлөгч түүнчлэн олон улсын нийгэмлэгт хандан Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг сулруулах нь зүйтэй гэсэн нь Оросын талын байр суурьтай давхцаж байгаа юм.
Орос, Хятадын байр суурийг Америкийн тал үгүйсгэн, санал нийлэхгүй байгаагаа хариу илэрхийлжээ. Америкийн талын албаны хүн Ерөнхий Ассамблейн хуралдаанд танилцуулж байгаа Орос, Хятадын хариу тайлбар нь үнэмшилгүй, хангалтгүй гэж үзэж байгаагаа хэлсэн байна.