Туркменистаны нийслэл Ашхабад хотод Каспийн тэнгисийн улс орнуудын 6 дахь удаагийн дээд уулзалт болж байна. Каспийн дээд уулзалтад ОХУ, Азербайжан, Иран, Казахстан болон Туркменистан улсуудын төр засгийн тэргүүлэгчид оролцож байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд тэрээр Украины дайн эхэлснээс хойш анх удаа гадны улс орныг зорьжээ. Каспийн улс орнуудын дээд уулзалтад оролцогч 5 улс орны тэргүүлэгчид Ашхабадын уулзалтын дараа хамтарсан баримт боловсруулан, бүс нутгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тогтсон байна.
Ашхабадын дээд уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Каспийн тэнгисийн улс орнуудын уулзалтад оролцогч улс орнуудын тэргүүлэгчдийг хүлээн авчээ. Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев, Ираны төрийн тэргүүн Ибрахим Раиси, Казахстаны тэргүүн Касым-Жомарт Токаев, ОХУ-ын тэргүүн Владимир Путин болон Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар Ашхабадын уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Хамтарсан мэдэгдэлд Каспийн тэнгисийн сав газрын улс орнууд сайн хөршийн найрамдалт харилцаатай улс орнуудын хүрээнд бүс нутгийн нөөц баялагийг энхийн зорилгоор хамтран ашиглахаар тусгажээ. Владимир Путин Ашхабадын уулзалтын үеэр бүс нутгийн хамтын ажиллагааг тэлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлэн, Оросын тал Каспийн тэнгисийн орнуудтай худалдааны хэмжээгээ байнга тэлж, бүс нутгийн улс орнуудтай эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаагаа онцолжээ. Түүнчлэн энэ хүрээнд Каспийн тэнгисийн бүс дэх нефть болоод байгалийн хийн орд газрыг хамтарсан төслийн хүрээнд эзэмших асуудлыг хөндсөн байна. Энэ сэдвийг 4 жилийн өмнө Казахстанд болсон дээрхийн адил уулзалтын үеэр мөн хэлэлцэж, Каспийн тэнгисийн хууль эрхийн статусын тухай нэгдсэн конвенци баталж байжээ.
Энэхүү конвенцийн дагуу бүс нутгийн улс орнууд ямар ч тохиолдолд Каспийн тэнгист зэвсэгт хүчнээ байрлуулахгүй, мөн тэнгисийн аюулгүй байдлыг хамтын хүчээр хангах, нөөц баялагийг нь энхийн зорилгоор хамтран ашиглахаар тусгажээ. Тэгвэл Ашхабадын уулзалтын үеэр энэхүү конвенцид тусгагдсан зүйл заалт, үүрэг хариуцлагаа бататгасан байна.