Болгар улс Азербайжан улсаас байгалийн хий авна. Болгар улс Гректэй залгаа хий дамжуулах хоолойгоор дамжуулан Азербайжан улсаас транзитаар байгалийн хий авах юм.
Болгарын ерөнхий сайд Кирил Петков болон эрчим хүчний сайд Александр Николов нарын мэдээлснээр Азербайжан улстай байгуулсан гэрээний дагуу 7-р сарын 1-нээс эхлэн София Бакугаас байгалийн хий авч эхэлжээ.
Одоогоор байгалийн хийг Неа Месимврия дахь түр цэгээр дамжуулан авч эхлээд байгаа ч яваандаа Болгар-Грекийг холбосон хийн хоолойг барьж дуусган, ашиглалтанд оруулснаар ирэх намраас эхлэн байгалийн хийгээ шууд авч эхэлнэ гэж тооцож байна.
Петковын мэдэгдсэнээр хийн хоолойн интер-коннектор 98% нь бэлэн болж, Грек болон Болгарын хийн хоолойтой холбогдоно. Улмаар өмнөд хийн коридортой холбогдож, байгалийн хийн нийлүүлэлтийн шинэ эх сурвалж бий болох юм.