Украины ерөнхийлөгч Володимир Зеленский цэргийн тусламж ирж, мөргөлдөөнөөс хойшхи анхны айлчлалаа Лхагва гарагт АНУ-д хийсэн. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Жо Байден Киевт 1.8 тэрбум долларын нэмэлт цэргийн тусламж амалж, довтолгооноос хамгаалах патриот систем нийлүүлэхээ мөн мэдэгдсэн юм.
Оросын тал үүнийг.. АНУ сөргөлдөөнд шууд бусаар оролцлоо гэж шүүмжилсэн байна. Вашингтонд болсон уулзалтаар АНУ, Украин аль аль нь сөргөлдөөнийг намжаах хүсэлгүй байгаа нь харагдлаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
АНУ Украинд дэвшилтэт Patriot систем нийлүүлэх нь мөргөлдөөнийг зогсоож, эсвэл Оросын цэргийн ажиллагааны зорилгод саад болохгүй гэж Москва мэдэгджээ. АНУ-ын агаарын довтолгооноос хамгаалах Patriot системийг дэвшилтэт, үр дүнтэй, үнэтэй гэж Цагаан ордноос хэлж байгаа бол Оросын Ерөнхийлөгч үүнийг “нилээн хуучирсан” гэж хэлсэн бөгөөд Орос үүнийг эсэргүүцэж чадна гэж Пүрэв гарагт мэдэгджээ. Америкийн үйлдвэрлэлийн Патриот систем нь Оросын С-300 систем шиг сайн ажилладаггүй гэж Путин хэлсэн байна. Гэхдээ үүний хажуугаар, ОХУ мөргөлдөөнийг сунжруулах биш, харин ч эсрэгээрээ зогсоохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Үүний төлөө хичээж байгаа, цаашид ч хичээх болно гэж Владимир Путин сэтгүүлчдэд хандан хэллээ.
Түүний мэдэгдэлд Америкийн тал эргэлзэж байгаагаа тэр даруй мэдэгдлээ. Путин мөргөлдөөнийг зогсоохыг хүссэн ямар ч шинж үзүүлээгүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна. Харин ч эсрэгээрээ түүний хуурай газар болон агаарт хийж байгаа бүх ажиллагаа нь Украины ард түмнийг зовоож, дайныг улам хурцатгах гэсэн хүсэлтэй хүний үйлдлүүд гэж хэлжээ.