Египетед зохион байгуулагдсан Уур амьсгалын 27 дахь бага хурал чинээлэг орнуудын үүсгэсэн, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бага орлоготой орнуудын зовлон зүдгүүрт анхаарлаа хандуулах зорилготой байсан юм. Тэгвэл, энэ удаагийн бага хурлаар төлөөлөгчид уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн хохирлыг барагдуулахад санал нэгджээ.
27 дугаар бага хурлын төлөөлөгчид 48 цаг хуралдсаны эцэст, чинээлэг орнууд ядуу буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтөөс учирсан хохирол, эдийн засгийн адлагдлын нөхөн барагдуулах тухай түүхэн хэлэлцээрийг байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг ядуу буурай орнууд 30 жил хүлээсний эцэст баян чинээлэг орнууд гамшгийн хохирлыг барагдуулах санг байгуулахаар тохиролцсон байна. Гэхдээ, уг сантай холбоотой чухал, маргаантай шийдвэрүүдийг дараа жилийн бага хурлаар гаргана гэж Ройтерс агентлаг мэдээлж байна. 2023 онд шилжилтийн хороо алдагдал, хохирлыг барагдуулах сангийн эх үүсвэрийг тодорхойлох, өргөжүүлэх зөвлөмжийн гаргах юм, энэ нь нэг ёсондоо аль улсууд уг мөнгө төлөх асуудлыг тодорхойлно гэсэн үг юм.
Гэхдээ, энэ жилийн бага хурал хүлэмжийн хийг бууруулах асуудлыг хэлэлцсэнгүй гэж Их Британи, Шинэ Зеланд, ЕХ-ны төлөөлөгчид шүүмжилж байна. Эцсийн хэлэлцээрт “чулуужсан түлшний хэрэглээг үе шаттай бууруулах эсвэл багасгах амлалт ороогүй юм. Чулуужсан түлшний хэрэглээг хязгаарлах хангалттай хүчин чармайлт гаргасангүйд хөгжингүй орнууд сэтгэл дундуур байна гэж Их Британийн төлөөлөгчийн мэдэгдлийг иш татан ВВС мэдээлсэн бол, бусад нь энэхүү хариуцлагыг хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг чинээлэг орнуудын хүчин чармайлт муу байна гэж шүүмжилж байгаа юм. Ирландын ерөнхийлөгч асан, НҮБ-ын уур амьсгалын асуудлаар 2 удаагийн элч, Mary Robinson хэлэхдээ, Их 20-ийн удридагчдыг үүрэг хариуцлагаа биелүүлж, хэлсэн үхэндээ хүрэхийг уриалан, хариуцлага тэдэн дээр байна гэж мэдэгджээ.
ЕХ-ны уур амьсгалын бодлогын тэргүүн Ням гарагийн хэлэлцээгээр уур амьсгалын асуудалтай тэмцэхэд бэлэн биш талууд олон байсанг дурдсан байна. Зарим улс орнууд ногоон эрчим хүч рүү шилжилт хийхээс, үүний зардлаас эмээж байна.. яагаад гэдэг асуултаас илүү хэрхэн, хэрхэн яаж гэсэн асуултыг ихээр тавилаа.. Үүнийг ойлгож байна, гэхдээ эцсийн эцэст хохирол, алдагдлыг урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хангалттай аваагүй энэ хурлаас гарч ирлээ хэмээн мэдэгдлээ. Хүлэмжийн хий ялгарлаа багасгаж байж л, уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлана, харин гамшгийг хүлээж суугаад дараа нь үүний нөлөөллийг шийдэж биш гэж хэлжээ.
Хөгжиж буй орнуудыг төлөөлж хэлэлцээ хийсэн Пакистаны уур амьсгалын сайд Шэрри Рэхман, тохиролцоонд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна. Уур амьсгалын зорилтод хүрэхийн тулд хэрхэн хамтран ажиллахыг шинэчилж чадлаа хэмээн хэлжээ. Гамшгийн эрсдэл өндөр Пакистан улсад энэ зун аймшигт үерийн улмаас 1700 орчим хүн амь насаа алдаж, 40 тэрбум долларын хохирол учирсан нь энэ удаагийн хурлын хэлэлцээрт хүчтэй нөлөөлжээ.
НҮБ-ын тэргүүн Антониу Гүтереш шударга ёсны төлөө чухал алхам хийлээ гэж хохирол барагдуулах санг сайшаасан юм. Гэхдээ энэ нь асуудлыг шийдхэд хангалтгүй ч, эвдэрсэн итгэлцлийг сэргээх дохио гэж дүгнэжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэхэд зориулж, дэлхийн дулаарлыг өдөөсөн хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад 2020 он гэхэд 100 тэрбум долларын санхүүжилт олгохooр тохиролцож байсан бол, чинээлэг орнууд амлалтандаа өдийг хүртэл хүрэлгүй, 2023 он болгож хойшлуулаад байгаа юм. Манай дэлхий уур амьсгалын гамшгийн ирмэг дээр байгааг Гүтереш сануулаад, хүлэмжийн хийг багасгах арга хэмжээг нэн яаралтай авч, дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс доош барихад чулуужсан түлшний донтолдоос салж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.