Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн ирэх сард албан тушаалаасаа огцрохоо зарлажээ. Тэрээр 2-р сарын 7-ны дотор Хөдөлмөрийн намын даргын суудлаасаа буух юм. Ерөнхий сайдыг орлох хүнийг тодруулах санал хураалт ойрын өдрүүдэд болох төлөвтэй байна.
Жасинда Ардерн мэдэгдэлдээ, Ерөнхий сайдаар ажилласан өнгөрсөн зургаан жил хэр хүнд байсан тухай дурдсан байна. Тэрээр өнгөрсөн зун улс орондоо хийж бүтээх ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай бодож эргэцүүлжээ. Гэсэн ч шийдэлд хүрээгүй учраас үргэлжлүүлэн Ерөнхий сайдын алба эрхлэх нь Шинэ Зеланд улсад муу нөлөө үзүүлнэ гэж бодон огцорч байгаа тухайгаа мэдэгдлээ. Өдгөө 42 настай Жасинда Ардерн 2017 онд 37 настайдаа Ерөнхий сайдад томилогдон, дэлхийн хамгийн залуу эмэгтэй засгийн газрын тэргүүн болсон юм. Тэрээр Шинэ Зеландыг ковид-19 цар тахал болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн уналт, Кристчерчийн сүмийн буудалцаан, цагаан арлын галт уулын дэлбэрэлт зэрэг улс орны хүнд үеүдэд засгийн газрыг удирдан ажиллаж байсан.
Жасинда Ардерн Хөдөлмөрийн намаа 2020 оны сонгуульд үнэмлэхүй ялалтад хөтөлсөн ч, сүүлийн саруудад олон нийтийн санал асуулгаар түүний улс дотоодын үнэлгээ огцом буурч, хамгийн доод түвшинд хүрчээ. Гэсэн хэдий ч, Ардерн ирэх сонгуульд Хөдөлмөрийн намыг ялалт байгуулж чадахгүй гэж бодсондоо биш харин ялж чадна гэсэн итгэл найдвартаа хөтлөгдөн огцорч байна гэжээ. Тэрээр “Бидэнд шинэ сорилтод тохирсон шинэ боловсон хүчин хэрэгтэй” гэсэн байна. Хөдөлмөрийн намын дэд тэргүүн Грант Робертсон Ням гарагт намын тэргүүн сонгох санал хураалтад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ. Хэрэв нэг гишүүн намын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг авч чадахгүй бол, энгийн гишүүд сайн дураар санал дэвшүүлэх эрхтэй болох юм. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес түүнд хүндэтгэл үзүүлэн, өөрийн твиттер хуудаснаа “Жасинда бол Шинэ Зеландын төлөө тэмцэгч, олон хүнд урам зориг бэлэглэсэн, миний хувьд сайн найз минь байсан” хэмээн нийтэлжээ. Андерн өөрийн удирдсан засгийн газрынхаа, уур амьсгалын өөрчлөлт болон нийгмийн ядуурлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын ололт амжилтад онцгойлон бахархалтай байгаагаа дурдсан байна. Мөн тэрээр мэдэгдлийнхээ эцэст Шинэ Зеландын ард түмэн түүнийг удирдагч байх үедээ шийдэмгийн байж чаддаг, мөн явах цаг болоход түүнийгээ мэддэг хүн хэмээн дурсаасай гэж хүсчээ.