НАТО-гийн тэргүүн Иенс Столтенбэрг, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остин Лоид нар уулзаж, Атлантын далай дамнасан цэргийн эвслийн “эв нэгдлийг” магтан сайшаажээ.
Тэд НАТО-гийн батлан хамгаалахын сайд нарын уулзалтын өмнө Брюссэльд уулзсан юм. Умард Атлантын цэргийн эвслийн уулзалтад Украины БХ-ын сайд Олексей Резников урилгаар оролцож байгаа юм.
Украины БХ-ын сайд Резников Мягмар гарагт НАТО-гийн сайд нарын уулзалтад оролцож, холбоотнууд Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ амаллаа. Уулзалтын өмнө, эвслийн гишүүд Киевт олгох нэмэлт зэвсгийн хангамжийн талаар хэлэлцсэн. Украин эвслээс нэмэлт зэвсэг болон, бууны сум зэрэг бусад хангамж хүсч байгаа юм. НАТО-гийн тэргүүн Столтенбэрг, нэмэлт зэвсгээс гадна, өмнө нийлүүлсэн зэвсэг үргэлжлүүлэн ажиллаж байх шаардлагатайг онцолсон бөгөөд цэргийн холбоотнууд сумны нөөцөө ихэсгэх зорилт тавьжээ. Барууны орнуудын үйлдвэрлэл Украины хэрэглээг гүйцэхгүй байгаа юм. Байлдааны онгоц нийлүүлэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа ч одоогоор Украинд хуурай газрын дэмжлэг хэрэгтэй гэж цэргийн эвслийн тэргүүн мэдэгджээ. Украины ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногт ЕХ-ны удирдагчидтай уулзаж, тийрэлтэт онгоц нэн шаардлагатай байгааг дамжуулсан юм. Европын орнууд Украинд Ирвэс1 танкуудыг нийлүүлэхээр амалсан ч, нисэх онгоц нийлүүлэх сэдэв нь маргаантай байгаа юм. Цэргийн тусгай ажиллагаа эхэлсний нэг жилийн ой ойртож байгаа үеэр Оросын тал Украины өмнөд болон зүүн хэсгийг хамарсан ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм, удахгүй томоохон довтолгоо хийнэ гэж Украин болон түүний холбоотнууд таамаглаж байна. Украин харин хавар Оросын эсрэг довтлох төлөвтэй байгааг АНУ-ын БХ-ын сайд Остин мягмар гарагийн уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Умард Атлантын цэргийн эвслийн уулзалтын өмнө, сайд нар Турк, Сирид болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж, нэг минут дуугаа хураасан байна.