АНУ-ын агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн Хятадын ажиглалтын бөмбөлгийг буудаж унагасандаа уучлалт гуйхгүй гэж ерөнхийлөгч Жо Байден Пүрэв гарагт мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч мөн Хятадын дарга Ши Жиньпинтэй тагнуулын төхөөрөмжийн талаар хэлэлцэж, энэ асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
АНУ-ын агаарын орон зайд орж ирсэн Хятадын бөмбөлөг болон 3 үл таних объектын талаар хийсэн хамгийн дэлгэрэнгүй мэдэгдэлдээ, Ерөнхийлөгч Байден яг хэзээ Ши Жиньпин даргатай ярилцахаа дурдаагүй ч, АНУ энэ асуудлаар БНХАУ-тай дипломат харилцаагаа үргэлжлүүлж байгааг хэлжээ. Хятадын тал 60 метрийн бөмбөлөг нь цаг уур шинжлэх зориулалттай гэж мэдэгдэж байгаа бол, Вашингтон бөмбөлөг нь олон тооны электрон хэрэгсэл агуулсан асар том хөлөг онгоц бүхий тагнуулын төхөөрөмж байсан нь илэрхий гэж мэдэгдэж байгаа юм. Вашингтон бөмбөлгийг буудаж хэтрүүлсэн хариу үйлдэл үзүүллээ гэж Бээжин шүүмжлэн, хариуд нь Хятадын бүрэн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа Америкийн байгуулагуудын эсрэг арга хэмжээ авна гэж анхааруулсан юм. Пүрэв гарагт, Хятад улс, Тайваньд зэвсэг худалдсан хэргээр Lockheed Matrin болон Technologies корпорациудын Хятадтай холбоотой экспорт импортыг нь хоригложээ.
Өнгөрсөн 7 хоногт илрүүлсэн 3 объектыг харин гадаад улсын тагнуулын төхөөрөмж гэж АНУ үзэхгүй байгаагаа мэдэгдлээ. Тэд Хятадын бөмбөлөгтэй мөн холбоогүй бөгөөд яг юу гэдгийг нь тодорхойлоогүй гэж ерөнхийлөгч Байден хэлжээ. Тагнуулынхан агаарын объектуудыг амралт зугаалга эсвэл судалгааны байгууллагуудтай холбоотой гэж үзэж байна. Объектууд Хятадын бөмбөлгийн дараа агаарын хяналтаа сайжруулсантай холбоотой илэрсэн байж магадгүйг Байден уламжилжээ.