Ковид-19

ОХУ-д COVID-19 цар тахлын дэгдэлтийн ид үе ард хоцорч, нэг хэсэг голомтлон тархаж байсан бүсүүдэд нөхцөл байдал эхнээсээ хяналтанд орж эхлээд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин улс орондоо бүсчлэн тогтоогоод байгаа хөл хорио, карантины дэглэмийг сулруулж, агаарын хилээ нээж, агаарын тээврийн үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна.  

Оросын Росавиация агаарын тээврийн албанд ирэх 7-р сарын 15-наас эхлэн зарим улс орнууд руу үйлдэж байгаа агаарын нислэгээ сэргээж, үйл ажиллагаагаа эргээд хэвийн горимонд нь оруулах үүрэг даалгавар өгчээ. Гэхдээ эхний ээлжинд Орос улс агаарын хилээрээ зөвхөн эмчилгээ хийлгэхээр зорин ирж байгаа гадны иргэд, мөн Оросод байгаа төрөл төрөгсөд дээрээ ирж байгаа хүмүүсийг л нэвтрүүлэх юм байна. Түүнчлэн Оросын иргэдээс зөвхөн гадны улс оронд суралцдаг, мөн эрүүл мэндийн шалтгаан болоод гадаад оронд байгаа төрөл төрөгсдөд нь тусламж дэмжлэг шаардлагатай иргэдийг л гадагш нь явуулах зөвшөөрөл олгоно.

Одоогоор Оросын иргэд энэ зуныг гадны аль нэг улс орныг зорин амрана, аялал жуулчлалаар явна гэж төлөвлөж эрт байгааг нь сануулжээ. Магадгүй цар тахалтай холбоотой нөхцөл байдал цаашид дээрдвэл ирэх 8-р сараас, 8-р сарын дунд үеэс иргэдээ гадагшаа зорчихыг зөвшөөрөх бололтой.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д COVID-19 цар тахлын 470 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 6 мянга гаруй хүн амиа алдаад байна. Сүүлийн нэг хоногт Оросод 9 мянган өвчтөн шинээр бүртгэгдэж, 4 мянган хүн эдгэрэн, 112 хүн нас баржээ.