Ковид-19

Дэлхийн олон оронд амралт зугаалгын улирал эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд цар тахлаас сэргийлэх сэрэмж багасч эхэлсэн. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд халдвар шинээр авах иргэдийн тоо огтхон ч буурахгүй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 15 сая хүрлээ. Эдгэрсэн иргэдийн тоо  есөн сая 349 мянга болж, 630 мянга гаруй иргэн халдварын улмаас амь насаа алджээ. Хамгийн их халдвар бүртгэгдсэн АНУ-д нийт батлагдсан тохиолдол дөрвөн саяд хүрсэн. Ердөө сүүлийн хоёр долоо хоногийн дотор халдварын тохиолдол нэг саяар нэмэгдсэн нь энэ улсын болоод дэлхийн хэмжээнд яригдах сэдэв боллоо.

Нэг хэсэг амны хаалт зүүх шаардлагагүй гэж байсан Ерөнхийлөгч Трамп иргэдээ амны хаалт зүүхийг уриалан, халдварын төгсгөл ирэх болоогүй байгаа тухай мэдэгджээ.

Америкт өнөөдрийн байдлаар хоёр сая хүн идэвхтэй халдвартай эмчлэгдэж байна.

Бразиль Улсын хувьд хоёр сая 231 мянган халдвар бүртгэгдэж, 616 мянга нь одоо эмчилгээнд, 82 мянга гаруй иргэн халдварын улмаас хорвоог орхижээ. Энэ Улсын Ерөнхийлөгч Жэйр Болсонаро халдвар авсан тухайгаа мэдэгдэж, эдгэрсэн гэсэн боловч шинжилгээгээр дахин халдвар илэрсэн.

Бразил Улсын араас Энэтхэг улсад халдварын дэгдэлт өндөр байгаагаас гадна эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон тухай  дэлхийн хэвлэлүүд онцолсоор байгаа юм. 

Манай хойд хөршид халдварын 204 мянган тохиолдол одоо эмчлүүлж байна. Ерөнхийдөө Латин Америкийн орнуудад дэгдэлт буурахгүй байгаа тухай CNN агентлаг мэдээлжээ.