Умард Солонгост COVID-19 коронавирусний анхны халдвар бүртгэгдсэн талаар энэ улсын эрх баригчид мэдээлэн улс орондоо өндөржүүлсэн түвшин зарласан. Дэлхийн улс орнуудад цар тахал дэгдээд 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байхад Пхеньян саяхныг хүртэл улс оронд нь коронавирус дэгдээгүй талаар мэдэгдэж байсан юм.
Пхеньянд цар тахлын “омикрон” хувилбар илэрч, энэ байдалтай холбоотойгоор Умардын эрх баригчид улс орондоо өндөржүүлсэн бэлэн байдлын дээд түвшин зарласан. Энэ улсад цар тахлын халдвараар 6 хүн нас барж, 18 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Цар тахлын “омикрон” хувилбар 5-р сарын 8-нд шинжилгээ өгсөн иргэдээс илэрчээ. Түүнчлэн коронавирусний халдвараас гадна өнгөрсөн 4-р сараас хойш энэ улсад үл мэдэгдэх өвчний дэгдэлт бүртгэгдэн, 350 мянган хүн тусчээ. Эдгээрээс 162 мянган хүнийг карантинд авч, эмчилгээнд хамруулсан байна.
Умард Солонгосын эрх баригчид саяхныг хүртэл улс оронд COVID-19 коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байсан юм. Умардын тэргүүн Ким Жон Ун цар тахлын вирусыг цаг алдалгүй дарахыг даалгаж, улс оронд нь гэнэт бий болсон хямралыг даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.