Эрүүл мэнд

Манай улсад дэлхийн стандарт шаардлага хангасан 9 давхар эрүүл мэндийн бүхий л тусламж үйлчилгээг үзүүлэх орчин үеийн эмнэлэг тун удахгүй ашиглалтад орох гэж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хотын дарга С.Амарсайхан нар  Хан-Уул дүүрэг, Яармагт баригдаж буй  300 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. 

Манай улсын эрүүл мэндийн салбарт 20 гаруй царцаагдсан барилга 10-аад зогссон төсөл хөтөлбөр байсан нь өнөөдөр бүгд тодорхой хэмжээгээр хөдөлгөөнд оржээ. Жишээлбэл, 3 жил шахам гацсан ҮОЭТөв, АШУҮИС-ийн эмнэлгийг дурдаж болж байна. Тодруулж хэлбэл 2016-2019 онд 55 эмнэлэг, 2020 онд 44 эмнэлэг ашиглалтанд оруулахын нэг нь Яармагийн гэх 300 ортой төрөх эмнэлэг юм. Энэ эмнэлэг 10 жил болж байна. 2010 онд анхны тендерт шалгарсан компани анхны санхүүжилтээ аваад 3 жил ажиллаад орхисон. 2015 он хүртэл юу ч хийгдэхгүй байж байгаад 2016 оноос эхэлсэн нь санхүүжилтийн асуудлаас болоод үйл ажиллагаа нь удаашралтай байсан бол У.Хүрэлсүхийн ЗГ нэмэгдэл шаардлагатай 13 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэнээр одоо 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар тоног төхөөрөмжийн санхүүжилтийг нь ч шийджээ.

3 том блок 9 давхар эмнэлгийг бүрэн гүйцэд ашиглалтанд өгөх хугацаа нь гэрээгээр хүлээсэн үүргээр 6-р сарын 30 гэж байгаа ч Засгийн газраас тулгамдсан хөрөнгө мөнгөний асуудлыг шийдчихсэн болохоор коронавируст халдвар дэлхий нийтийг түгшээж манай улсын тухайд хаалга тогшиж буй энэ үед эмнэлгийн тусламжийн бэлэн байдлаа хангахад нэн шаардлагатай тул нэг хоног нэг цагийн  ч өмнө хамаагүй хүлээлгэн өгөхөд бүх хүч хүчээ дайчлан ажиллахыг хэлж байлаа.

Гүйцэтгэгч компанийхны хувьд ч засал чимэглэлийн 100 гаруй ажилчидтай нэг хадаас хатгахдаа ч эх хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллах болно оо гэдгээ илэрхийлж байлаа.