Хөгжлийн банкинд шалгалт хийх УИХ-ын ажлын хэсэг чанаргүй зээлдэгч нэг бүрийг зарлана

Намууд

Сүүлийн жилүүдэд Хөгжлийн банкны зээл зорилгоосоо хазайж улс төрчид болоод нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг санхүүжүүлснээр 1.8 их наяд төгрөг чанаргүйдэж эрсдэлд орсон. Хөгжлийн банк одоогоор дампуурах эрсдэлд хүрч санхүүгийн нөхцөл байдал -240 тэрбум төгрөгт хүрснийг Монголбанкны шалгалтаар тогтоогоод байна. Үүнээс гадна ирэх онд олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 800 сая ам долларын бонд эргэн төлөгдөх хувиартай. Хөгжлийн банкны өрийг засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Өнөөдөр "Тэдний өрийг бид төлөхгүй" хэлэлцүүлэг болж зээлдэгчдийн өрийг нэн даруй төлүүлэх, хэрхэн хариуцлага тооцох асуудлуудыг хөндлөө.

Улсын төв банкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар нийт 3.2 их наяд төгрөгийн зээлийн багцаас 60 орчим хувь нь буюу 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүйдэж эрдсэлд орсон байгааг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар зээлээ хугацаанд нь төлөөгүй 52 иргэн аж ахуй нэгж АТГ-т шалгагдаж байгаа бол 26 иргэн аж ахуй нэгжийн зээл шүүхэд шилжээд байгаа.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ 1.8 ИХ НАЯДЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛЭЭС ЕРДӨӨ 39 ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨД БАЙНА 

 

Хөгжлийн банкны зээл зорилгоосоо хазайж улс төрчид, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг санхүүжүүлсэн нь тус банкийг дампуурлын ирмэгт тулгаад байгаа юм. Тиймээс засгийн газар өр төлүүлэх ажлыг шуурхайлж байгаа ч 1.8 их наяд төгрөгийн зээлээс ердөө 39 тэрбум төгрөг л төлөгдөөд байна.

ХӨГЖЛИЙН БАНК ИРЭХ ОНД ОЛОН УЛСАД ТӨЛӨХ 800 САЯ ДОЛЛАРЫН БОНДЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ НӨХЦӨЛД БАЙНА  

Одоо Хөгжлийн банкинд тулгараад байгаа гол асуудал нь олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 800 сая ам долларын эргэн төлөлтийг хугацаанд нь хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг том асуудал байгаа юм. Хасах үзүүлэлт рүү шилжиж хямралд хүрсэн тус банк зээлийн эргэн төлөлтөө нэн даруй төвлөрүүлэхгүй бол эрсдэлийг засгийн газар үүрэх болоод байна. 

ХӨГЖЛИЙН БАНКИНД ШАЛГАЛТ ХИЙХ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ НЭГ БҮРИЙГ ЗАРЛАНА 

 

Хөгжлийн банкнаас олгож байгаа зээлийн 60 хувь нь Экспорт импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэн зээл байх ёстой. Гэвч олгосон зээлийн 60 орчим хувь нь улс төрчид, нөлөө бүхий эрх мэдэлтнүүдийг санхүүжүүлсэн байгаа нь хяналт шалгалт муу байсны үр дүн юм. УИХ-аас өмнө ажлын хэсэг байгуулж санхүүгийн зөрчлийг илрүүлж байсан ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй нь өнөөгийн нөхцөлд хүргэсэн гэж үзэж байгаа. Тиймээс дахин ажлын хэсэг байгуулж нэр холбогдсон хүмүүсийг олон нийтэд ил тодоор зарлана гэж мэдэгдлээ.

МАН ХӨГЖЛИЙН БАНКИНД НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДДЭЭ УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга сахал хочтой Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс өндөр дүнтэй зээлийг тэргүүлж байна.  Мөн эрх барьж байгаа МАН-ын 10 орчим гишүүн Хөгжлийн банкны чанаргүй зээлд нэр холбогдоод байгаа. Одоо төр төлөөлж байгаа гишүүдээс гадна гишүүний суудлаас буусан МАН-ын угшилтай нөлөө бүхий бизнес эрхлэгчид ч олон байгаа юм. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хөгжлийн банктай нэр холбогдсон хүмүүст улс төрийн хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

"Тэдний өрийг бид төлөхгүй" хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Хөгжлийн банк болоод Төв банкны удирдлагууд, эдийн засагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрх мэдэлтнүүдэд боломжоо хумслуулсан иргэн аж ахуй нэгжүүд гээд олон талын төлөөлөл үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэн оролцсон юм.

Хөгжлийн банкны зээл эрх мэдэлтнүүдийн хулгай болсон нь харамсалтай ч энэ асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндөн, иргэд хүчтэй шүүмжилж байгаа нь сайн хэрэг гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд онцоллоо. Цаашид энэ мэт том хулгай улс орныг хямралд түлхдэг байдлыг зогсоохын тулд засгийн газар, УИХ, хуулийн байгууллага онцгой анхаарч ажиллана хэмээн хэлэлцүүлэгт оролцсон төрийн төлөөллүүд хэлсэн юм.