Өнөөдөр Даваа гараг УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай. Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан Намын бүлэг даргын асуудлаа Их хурлын чуулганы үеэр хөндсөн. Тэд хоёр хуваагдаж хоёр даргатай болоод байгаа юм. Өнөөдөр бүлгийн мэдээллийн үеэр ч намын бүлгийн гишүүд хоёр хуваагдан мэдээлэл хийлээ. Нэг нь бүлгийн дарга солигдсон гэж үзсэн бол нөгөө талд нь тийм зүйл байхгүй гэж няцаалаа.
АН-ын гишүүд хоёр хуваагдаад багагүй хугацаа өнгөрч байна. О.Цогтгэрэл даргатай АН-д Улсын дээд шүүхээс намын 200 мянган гишүүд оролцсон Онц их хурал, Үндэсний бодлогын хороог хууль ёсных гэж үзэн тогтоол гаргаад байгаа юм. Харин үүнийг Тулгат даргатай АН-ын гишүүд няцаасан хэвээр байна. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурал ч мөн адил хоорондын үл ойлголцлоор үргэлжиллээ. Цогтгэрэл даргатай АН-ын бүлэг мэдэгдэл хийж УИХ-ын дарга Занданшатарыг бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр даргатай болоод байгаа АН-ын бүлгийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардлаа.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралд бусад гишүүд буюу О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд суугаагүй юм. Үүнийг АН-ын бүлгээс УИХ-ын тухай хуулийг зөрчиж байгаа явдал гэж үзлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлыг өнгөрсөн 10 дугаар сараас УИХ-ын чуулганы хуралдаанд хөндөж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл энэ асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
ШУУД ҮЗЭХ